Томоохон компаниуд ус ашигласны төлбөрөө төлөөгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 13:18:48

Өмнөговь аймгийн Татварын газрын 2015 оны жилийн эцсийн тайлангаар Өсөхзоос ХХК, Энержиресурс ХХК, Монголын алт МАК ХХК, Чинхуа мак нарийн сухайт ХХК зэрэг татвар төлөгчид 75 саяас 222 сая төгрөгийн үйлдвэрлэлийн зориулалттай усны нөөц ашигласны төлбөрийн өртэй гарсан байна.

Монгол Улсын Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 23.2 дахь хэсэгт “байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харъяалах ТА-нд тушааж эцсийн тооцоо хийнэ ” гэж заасан байдаг. 2015 оны жилийн эцсийн тайланг усны төлбөр төлөгч 31 татвар төлөгч ирүүлээд байгаа бөгөөд усны төлбөр төлөгч томоохон татвар төлөгчдөөс Цагаан-өвөлжөө ХХК-ийн усны төлбөрийн тайлан ирээгүй байна гэж Өмнөговь аймгийн татварын газраас мэдээлж байна.

Харин Алтайн өвөр говийн сав газрын захиргаанаас мэдээлж байгаагаар тус захиргааны ажлын чиг үүргийнхээ дагуу 100 шоометрээс дээш ус ашиглагчтай гэрээ байгуулан ажилладаг ажээ. 2015 онд тус сав газрын бүсэд хамаатай 6 аж ахуйн нэгж байгуулага тус захиргаатай гэрээ байгуулан ажилласан байна. Үүнээс улсын төсөвт төвлөрүүлэх ус ашиглалтын төлбөрийн 66 хувийг төвлөрүүлэн ажиллажээ. Тус сав газрын захиргаанаас 2016 онд ус ашиглалтын гэрээний биелэлтийг бүрэн хангахаар зорилт тавин ажиллаж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ