Баатарын нуруунд 400 гаруй мал ирвэсэнд идүүлж хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-11 12:23:25

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Мөст, Зэрэг, Манхан сумын нутгийг дамнан орших “Баатарын нуруу” гэх газар 30 гаруй ирвэс нутагладаг. Энэ өвөл 160 орчим  малчин өрхийн 400 гаруй мал цоохор ирвэсэнд идүүлж хорогдсон байна.




Баатарын нуруунд амьдардаг Зэрэг, Мөст сумын малчдын 100 гаруй хүүхэд ирвэсний талаар хамтарсан судалгаа хийжээ. Судалгаагаар энэ өвөл Баатарын нуруунд 160 орчим малчин өрхийн 40 гаруй мянган мал өвөлжсөнөөс 495 мал ирвэсэнд идүүлсэн нь тогтоогджээ.

Ирвэс хамгаалах, танин мэдэх зорилгоор эхэлсэн судалгааны явцад хүүхдүүд Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/-гийн дэмжлэгтэйгээр энэ сарын 7-ны өдөр Мөст сумын Цэцэг гол багийн малчин н.Баясгалангийнд очиж, тэжээлийн дэмжлэг үзүүлсэн байна. Тус малчных 1300 гаруй малтай. Энэ өвөл хамгийн их мал буюу 8 хонь, 37 ямаа, 17 адуу, 28 сарлаг, нийт 90 орчим мал ирвэсэнд идүүлсэн гэнэ. 

Хүүхдүүд малчинтай байгаль цаг уурын өөрчлөлт, ан амьтан хамгаалах уламжлалын талаар ярилцлаа. Малчин н.Баясгалан хэлэхдээ, “Би малчин удамтай. Баатарын нуруунд олон жил өвөлжиж, хаваржиж байна. Ирвэс ганц нэгээр айлын хотонд орж мал руу дайрдаг, голдуу ямаа барьж иддэг. Гэхдээ өвөг дээдсээс уламжилж ирсэн байгаль дэлхий, уул ус, ан амьтныг хайрлан хамгаалах, шүтэн дээдлэх заншлын дагуу хайр энэрлийг нь хамаг амьтны тусын тулд гуйж сүүн цацал өргөх, сан тавих зэргээр аргадаж харьцвал ирвэс хор хөнөөл багатай амьтан юм. Сүүлийн жилүүдэд зэрлэг ан амьтан, тэр дундаа ирвэс хамгаалах чиглэлээр нэлээд арга хэмжээ авч байна. Малчид энэ ажилд идэвх санаачилгатай оролцож, хамтран ажиллах хэрэгтэй” гэлээ.  

 

Холбоотой мэдээ