Вьетнам, Лаост гүн хөлдөөсөн мах гаргахаар тохиролцов

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-03-11 11:38:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Махны экспорттой холбоотойгоор эрсдлийн үнэлгээ хийх БНСВУ-ын ажлын хэсэг манай улсад ирж ажиллахаар боллоо.

Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид Вьетнам улсад ажиллах үеэр тохиролцоод байна. Төлөөлөгчид мөн ХХААХҮ-ийн сайдын тэргүүлдэг Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаанаар тохиролцсоны дагуу Монгол Улсаас БНСВУ-д экспортлох гүн хөлдөөсөн хонь, ямаа, адуу болон үхрийн махны талаар яриа, хэлэлцээ хийв.

Манай төлөөлөгчид БНСВУ-ын ХАА, хөдөөгийн хөгжлийн дэд сайдтай хоёр талын уулзалт хийж, тус улсын Мал, амьтны эрүүл мэндийн газар болон Баталгаажуулалтын газрын техникийн хуралд оролцжээ. Уулзалт, хурлын үр дүнд, дээр дурдсанаар, БНСВУ-ын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг Монгол Улсад ойрын хугацаанд ирж ажиллахаар болсон юм. 



Ажлын айлчлалын үеэр Монголын төлөөлөгчид Вьетнамын “СП групп”, “Кофидек” зэрэг Япон, Европ, АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үндэстэн дамнасан томоохон хүнсний үйлдвэртэй танилцаж, Вьетнам улсаас олон улсын стандартыг хангасан эрүүл, аюулгүй тахиа, далайн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх талаар тохиролцсон байна.


Монгол Улсаас Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар олгосон 1050 хонин сүргээс 80 орчим төл мал хүлээн аваад байна





Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид мөн Лаос улсад ажиллаж, хоёр улсын Мал эмнэлгийн ерөнхий газар хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Хэлэлцээрийн хүрээнд, Монгол Улсаас Лаост нийлүүлэх гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлгийн хорио цээрийн асуудлаар тохиролцоонд хүрч, Лаос улс руу мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхээр болов. Тус улсад ажиллах үеэрээ Монгол Улсаас хүмүүнлэгийн тусламжаар олгосон 1050 хонь байгаа аж ахуйгаар зочилсон байна. Тухайн бүс нутагт өсгөн үржүүлэх ажлыг Лаосын Батлан хамгаалах яам хариуцан, ХХААХҮЯ-наас томилсон малын эмч, мал зүйч мэргэжлийн заавар, зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 80 орчим төл хүлээн аваад байна

 

Холбоотой мэдээ