Энэтхэгийн парламентын сонгууль ирэх сард болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-03-11 13:05:47
Yesukheitumur Tumurbaatar

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Бүгд найрамдах Энэтхэг улсын парламентын доод танхимын сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 11-нд болно гэж ням гарагт тус улсын Сонгуулийн хорооноос мэдэгджээ.


Уг сонгуулиар энэтхэгчүүд одоогийн Ерөнхий сайд Нарендра Модиг албан тушаалд нь үлдээх эсэхийг шийдэх юм.


Энэтхэгийн парламентын сонгууль дэлхийн хамгийн том ардчилсан сонгуулийн нэгд тооцогддог бөгөөд улс төрчид ээлжит сонгуулийн кампанит ажлаа аль хэдийн эхлүүлээд байгаа ажээ. Энэ сонгуульд санал өгөх эрхтэй нийт 900 сая иргэн байна.


Энэтхэгийн парламентын доод танхимын 545 суудлын төлөөх сонгуулийн санал хураалт долоон үе шаттай явагдаж, тавдугаар сарын 19-нд дуусна.


Тавдугаар сарын 23-ны өдөр 29 муж, долоон бүс нутгийн саналыг нэгтгэж тоолсны дараа эцсийн дүн гарна гэж Сонгуулийн хороо хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.


Одоогийн Ерөнхий сайд Нарендра Модигийн үндсэрхэг үзэлт “Бхаратия Жаната” нам 2014 онд парламентын доод танхимд нийт 282 суудал аван ялалт байгуулж, 30 жилийн хугацаанд тасралтгүй Энэтхэгийн парламентын олонхын байр сууриа хадгалсаар ирсэн юм.


Хөрш Пакистан улстай үүссэн мөргөлдөөнийг ашиглан үндсэрхэг үзлийг дэвэргэх замаар Нарендра Моди улиран сонгогдохоор оролдож байна гэж ажиглагчид таамаглаж байна.


Түүний гол өрсөлдөгч нь сөрөг хүчний Конгресс намын удирдагч Рахул Ганди юм. Тэрбээр тус улсын хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг юм.


Моди 2014 оны сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Энэтхэгийн эдийн засгийг сэргээж, ажиллах хүчний эгнээнд жил бүр нэмэгддэг 12 сая залуу үеийнхнийг ажлын байраар хангана гэж амлаж байжээ.


Гэвч сүүлийн жилүүдэд ажилгүйдэл нэмэгдэж, өнгөрсөн хоёрдугаар сард 7.2 хувьд хүрснийг Мумбай хотод байрладаг “Centre for Monitoring Indian Economy” судалгааны хүрээлэн мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ