Зүүнхангайн бүсгүйчүүд чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-03-11 14:50:57

Увс /МОНЦАМЭ/. Зүүнхангай сумын ЗДТГ-аас сумынхаа төсөвт байгууллагуудтай хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр малчин эмэгтэйчүүдийнхээ дунд чуулга уулзалт зохион байгууллаа.

Энэ үеэр аймгийн төвөөс “Гэгээн булаг” эмнэлгийн хамт олныг урин малчин эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, үзлэг оношилгоо хийн, эрүүл мэндийн зөвлөгөө өгчээ. Мөн баярын хурлын үеэр аймгийн Засаг даргын Жуух бичгээр өндөр настан Б.Бадам, аймгийн Хүндэт тэмдгээр өндөр настан Ж.Лхагва нарыг шагнаж урамшууллаа.

Чуулга уулзалтын хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны цэсний амталгаат үзэсгэлэн, дотуур байрны хүүхдүүдийн гар урлалын үзэсгэлэн гаргаснаас гадна 200 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан байгаль, дэлхийдээ сүүн цацал өргөх ёслол боллоо. Мөн сумын шилдэг эмэгтэйчүүдээ шалгаруулан, “Хангайн бүсгүйчүүд 2019” цэнгүүнийг үдэш нь зохион явууллаа.

Холбоотой мэдээ