УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзав.
Тэрбээр уулзалтын эхэнд Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг хүргээд, Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм-эдийн засгийн бүх салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгаа, энэ нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцоллоо. Түүнчлэн хоёр талын харилцааг бататгаж, бүх салбарт өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. УИХ, Европын Парламентын бүлэг хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалт өнгөрсөн сард Брюссель хотноо амжилттай зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг олон асуудал хөндсөн. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцөл бий болгож, уулзалтаар ярьсан зүйлс ажил хэрэг болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Ина Марчюлёните УИХ-ын даргад цаг гаргаж уулзсанд талархал илэрхийлээд, шинэ албанд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Европын
Парламентын бүлгийн гишүүд ирэх онд Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгааг
тэрбээр дуулгахын зэрэгцээ хүний эрхийн зарим асуудлыг хөндөв. Тухайлбал цахим
орчинд охид, эмэгтэйчүүдийг ялгаварлаж, гутаан доромжлох байдал ихэссэн. Хууль
тогтоомжийг боловсронгуй болгох, ялангуяа Ойн тухай, Хэвлэлийн эрх чөлөөний
тухай, Газрын тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэх, Азийн хөгжлийн
банк, Европын хөрөнгө оруулалтын банк хамтран хэрэгжүүлж буй “Аймаг, сумын
бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр (ASDIP)”-ийг эрчимжүүлэх,
Европын холбооноос Төв Азийн улсад хэрэгжүүлж буй "Хиймэл дагуулын
харилцаа холбоо болон интернэт холболт"-ын төслийг Монгол Улсад
хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд дэмжиж өгөхийг УИХ-ын даргаас хүссэн юм.
УИХ-ын дарга Н.Учрал, Европын холбоо Монгол Улсад 30 орчим төсөл хэрэгжүүлж байгааг сайшаагаад, 14 төсөл бүхий хиймэл дагуулын төслийг УИХ-аар хэлэлцэх талаар онцгой анхаарна. УИХ-ын даргын зүгээс УИХ-аас баталсан аливаа гэрээ, хэлцлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно гэв. Талууд хамтын ажиллагааны санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Улаанбаатар