ОХУ-ын нутаг дээгүүр ажиглалтын нислэг хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-11 14:17:21

МОСКВА. /TASS/. АНУ болон Норвеги улс “Нээлттэй тэнгэр" гэрээний хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэрийн дээгүүр энэ долоо хоногт ажиглалтын нислэг хийх бол ОХУ-ын шинжээчид ийм нислэгийг Бельги, Нидерланд, Люксембургийн дээгүүр үйлдэнэ. Энэ тухай ОХУ-ын Цөмийн аюулыг багасгах төвийн орлогч захирал Руслан Шишин мэдэгджээ.


“ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр хийх хамтарсан нислэгийг Америкийн ажиглалтын "ОС-135Б" нисэх онгоцоор үйлдэнэ. Зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу нислэг үйлдэх үед гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглаж буйг болон нислэгийн параметрийг даган мөрдөж байгаа эсэхийг Оросын мэргэжилтнүүд бүхээгт байлцаж, хянана” гэж тэрбээр мэдээлсэн байна.


Харин ОХУ гуравдугаар сарын 11-15-ны хооронд “Ан-30Б” нисэх онгоцоор Бельги, Нидерланд, Люксембургийн дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ. Тус гурван улсын шинжээчид мөн нислэгийг хянах аж.


Хүйтэн дайны дараа Европын улс орнуудын дунд харилцан итгэлцлийг бий болгох зорилгоор “Нээлттэй тэнгэр” гэрээг 1992 онд байгуулжээ. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангахын тулд гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэнэ гэж гэрээнд заасан байна. Уг гэрээнд 34 улс нэгджээ.


ОХУ-ын шинжээчид 2019 он гарснаас хойш гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр тав дахь удаагаа ажиглалтын нислэг үйлдэж байгаа нь энэ аж.


Холбоотой мэдээ