Загасчлалын тэмцээнд 21 баг өрсөлдлөө

Фото
batkhuu@montsame.mn
2019-03-11 20:14:00

Увс /МОНЦАМЭ/. “Тэмээ-мөс-загасчлал-2019” наадмын 2 дахь өдөр буюу энэ сарын 10-нд Хяргас нууранд Мөсний баяр, загаслалын тэмцээн уралдааныг үргэлжлэн зохион байгууллаа. Загасчлалын тэмцээнд 21 багийн тамирчид 3 цагийн турш өрсөлдсөнөөс 1-р байрт Завхан сумын “Мөс” баг, 2-р байрт “Улаангом” баг, 3-р байрт Завхан сумын “30 төгсөлт” баг тус тус шалгарлаа. 

Уг үйл ажиллагааг ОХУ-ын Красноярск хотоос 15, Тува улсаас таван жуулчин ирж үзэж сонирхлоо. “Тэмээ-мөс-загасчлал-2019” наадмыг үзэж сонирхохоор ирсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд элсний сумо, олс таталт, мөсний шагайн тэмцээн зохиосон юм.

Олс таталтын тэмцээнд Завхан сумын Хармагт баг, Улаангом дахь Завхан сумын Нутгийн зөвлөлийн баг, Хас банкны баг эхний гурван байр эзэллээ.

Харин мөсний шагайн тэмцээнд 1-р байрт ОХУ-ын ICE баг, 2-р байрт Завхан сумын Соёлын төвийн баг, 3-р байрт Ховд аймгийн Дөргөн сумын баг шалгарлаа. Тэрчлэн мөсний сумо тэмцээнд 1-р байрыг аймгийн заан Ц.Анхбаяр, 2-р байрыг Б.Рагчаабазар, 3-р байрыг Ойрад ХДТ-ын уран бүтээлч Х.Гантөмөр нар эзэлсэн юм.

Тэмээ, мөс, загасчлалын баяр наадмыг Улаанбаатар хотоос болон аймгийн төвийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн хамт олон, жирийн иргэд, гадаадын 20 гаруй аялагч жуулчин гэх мэт нийтдээ 2000 гаруй хүн үзэж сонирхлоо.

Энэ онд Завхан сум Түмэн тэмээтэй болсныхоо баярыг тэмдэглэх бөгөөд цаашид тэмээний баяр, мөсний баяр, загасчлалын тэмцээнийг аймгийн өвлийн улирлын томоохон эвент болгохоор боллоо.