Мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-18 16:20:25

Олон улсын Абилимп буюу хөгжлийн бэршээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр Францын тэнгэрт мандуулах Төрийн далбаагаа гардлаа.

Энэ сарын 23-28-нд Францын Бордо хотноо болох уг тэмцээнд дэлхийн 37 орны 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50 мэргэжлээр ур чадвараа сорино. Тэмцээнд Монгол Улс анх удаа оролцож байгаа бөгөөд 11 мэргэжилтэн оролцох юм. Хог хаягдал дахин ашиглах төрөлд Б.Болормаа, Уран зураг зурах төрөлд Ч.Тунгалагтуяа, Оёдлын  төрөлд “Түмэн буян” үйлдвэрийн оёдолчин Л.Оюунчимэг, Арьсан урлалын төрөлд Т.Мөнхтуул, Компьютер угсрах төрөлд Б.Зоригт, Нарийн боов хийх төрөлд Б.Дашням оролцоно. Мөн Уран зураг, вааран эдлэлийн урлал төрөлд зураач Б.Ганзориг, Веб сайт хийх, системийн удирдлага төрөлд Б.Ганбаяр, Тогоочийн төрөлд Г.Тамир, Модон сийлбэрийн төрөлд сийлбэрчин Г.Шижирбаатар, Мотоцикл угсрах төрөлд автын механикч Г.Шижир-Эрдэнэ нар ур чадвараа сорих юм.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Абилимпийн багийн гишүүдэд Төрийн далбааг гардуулахдаа, “Өнгөрсөн онд Бразилийн Сан Пауло хотноо болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон манай залуус монгол хүний ур ухааныг дэлхийд гайхуулж чадсан. Энэ удаагийн тэмцээнд оролцох та бүхэн ч дээрх амжилтыг давтана гэдэгт итгэлтэй байна. Төрөөс та бүхнийг дэмжиж, тэмцээнд оролцох зардлыг санхүүжүүлж байна. Тиймээс энэ тэмцээнд зөвхөн та бүхэн Монгол Улсын иргэд бүгд оролцож байна гэж болно” Хэмээв.

Олон улсын Абилимпийн холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг бүх төрлөөр хөгжүүлэх, тэднийг  нийгэмшүүлэх зорилгоор 1981 оноос эхлэн гишүүн орнууд дундаа Абилимпийн тэмцээнийг гурван жил тутам зохион байгуулах болжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ