Хайрлах ёстой нэр "эмч"

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-03-12 09:59:45

Хэнтий /МОНЦАМЭ/ Аливаа хүний эзэмшиж дадсан мэргэжил гэдэг түүний хоёр дахь нэр нь байдаг билээ. Эмч хэмээх эрхэм мэргэжлийг баттай эзэмшиж, эмч нэрээ хайрлан хүндэтгэж яваа Гомбожавын Баатарчулуун эмчийг танихгүй хүн Хэнтийд ховор.

Амьдралынхаа 38 жилийг Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбарын хөгжилд зориулж, ард олныхоо эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн энэ эмэгтэйн ажил үйлс нь нөмрөг шигээ цагаан байдаг гэлтэй. Баатараа эмч төрөлх Баян-Адарга сумынхаа Эрүүл мэндийн төвийн сувилагчийн албанаас ажлын гараагаа эхэлж, Баян-Адарга сумын Эрүүл мэндийн төвийн их эмч, аймгийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга, аймгийн ЗДТГ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад суужээ.

Хөдөөгийн хүнд хэцүү нөхцөлд лааны гэрэлд хүн төрүүлэхээс эхлээд цасан шуурга, үерлэсэн голоор өвчтөнөө үүрч, дүүрч явсан эрэлхэг цаг үе түүнд бий. Тэр битгий хэл их хэмжээгээр цус алдаж, амьдрал үхлийн заагт тулсан өвчтөндөө өөрийнхөө цусыг юүлж, амь насыг аварч явсан бахдам цаг үе ч байдаг юм. Даруухан инээсэн Баатараа эмч даруу гэхэд дэндүү даруу нэгэн билээ. Тиймдээ ч олныхоо төлөө зүтгэж ирсэн тангарагт эмчийн түүхт замналаа тэр бүр бусдад омогшин ярих нь ховор. Эрүүл мэндийн байгууллагын бүхий л шатанд ажиллаж хөдөлмөрлөж ирсэн Баатараа эмч ямар ч ажилд чин сэтгэлээсээ хандаж ирсэн учраас Хан Хэнтийн эрдэм мэдлэгт эмч нарын түүхэн хэлхээнд тод мөртэй ажиллаж, амьдарч явна.

Эрүүл мэндийн байгууллагын хамгийн ачаалалтай хэсэг болох сувилагчийн албанаас аймгийн бодлого тодорхойлох алба хүртэл дэвшин ажиллаж ирсэн Баатараа эмчийн хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж, Төрийн дээд Алтангадас одонгоор шагнасан байдаг. Энгэртээ Алтангадас гялалзуулсан эмчийн алдар яруу сайхан бөгөөд сэтгэлдээ мөнхийн нар мандуулсан эгэл монгол энэ эмэгтэйн төрх анагаах шидтэй мэт. Хүмүүний энэ бие насны тоогоор тэтгэвэрт гарч, амралтад суудгаас сурсан мэдсэн мэдлэг чадвар тэтгэвэрт гарна гэж үгүй. Тиймдээ ч Баатараа эмчийг аймгийн ХХҮГ-ын дэргэдэх Ахмадын сувиллын эмчээр урьж,  2016 оноос одоог хүртэл энэ цагийн сайн сайхныг бүтээсэн ахмадууддаа эрүүлийг түгээн ажиллаж байна. Үйл хөдлөл, үг ярианаас нь сурах үлгэрлэх зүйл дэндүү ихтэй энэ эрхэм эмч яалт ч үгүй Хан Хэнтийчүүдийн  бахархах үйлстэн мөн билээ.  

Холбоотой мэдээ