Мах бэлтгэл, арьс ширнийхэн технологи дамжуулах сургалтанд хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-12 09:48:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мах, арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах, технологи дамжуулах” сургалт "Мах маркет" ХХК-ийн үйлдвэрийн байранд болж байна.

Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд болж буй сургалтад Мах маркет, Мах импекс, Дархан мийт Фүүдс, Эдмийт, Баруун Монгол интернэшнл, Мийт фүүдс, Баяндэлгэрэх хүнс зэрэг мах боловсруулах үйлдвэрүүдийн технологич, ажилчид хамрагдаж байна.



Өнгөрсөн оны гуравдугаар сараас 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл нь мал аж ахуйн салбарт, ялангуяа нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноос ноолуур, мах, сүү үйлдвэрлэлийг хөгжүүлж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадавх, экспортыг нэмэгдүүлж зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байгаа юм. Ингэхдээ боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын туршлагыг дотоодын туршлагатай хослуулан нэвтрүүлж, технологи дамжуулах замаар стандартад нийцсэн бүтээгдэхүүн экспортлоход хувь нэмэр оруулах зорилготой.

Төслийн хүрээнд, мөн өнгөрсөн оны 12 дугаар сараас Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ), салбарын зөвлөх инженерүүдийн хамтын оролцоотойгоор “Арьс, шир үйлдвэрлэл, мах бэлтгэлийн чанарыг сайжруулах” дэд төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ ажлыг зохион байгуулахад ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, МХЕГ, Хараат бус судалгааны хүрээлэн (ИРИМ), Монголын махны холбоо (ММХ), хувийн хэвшлүүд хамтран ажиллаж байна.


Одоогоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн махны 5-7 үйлдвэр, арьс шир боловсруулах гурван үйлдвэрт арьс ширний гэмтэл, гологдлыг нарийвчлан тодорхойлох зорилгоор 2749 ширхэг түүхий эдэд судалгаа, туршилт хийж байна.




Мөн цахим-ажлын байрны интерактив сургалтын модулиудыг боловсруулж, “Арьс ширний үйлдвэрлэлийн ээлтэй, тогтвортой аргууд” бэлэн сургалтын агуулгаар 70 гаруй ажилчинд ажлын байрны сургалт зохион байгуулав. Түүнчлэн мах, арьс шир бэлтгэлийн чанарыг сайжруулахын тулд зориулалтын технологи, мэргэжлийн багаж хэрэгслэлийг нэвтрүүлж туршихаар төлөвлөжээ. Дэд төслийн үр дүнг энэ оны гуравдугаар улиралд дүгнэх юм.

Дэд төслийн шугамаар ХБНГУ-аас мэргэжлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ирсэнтэй холбогдуулан уг сургалтыг зохион байгуулж байна.

 

 

Холбоотой мэдээ