Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-12 17:50:57

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-нд болсон албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит цуглаан дээр аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга У.Ганзориг Төрийн албаны тухай хуулийн дагуу батлагдан гарсан журмуудыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийж дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. 

Тухайлбал, “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулах журам”-ын дагуу албан хаагчидтай энэ сарын 25-ны дотор гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулан баталгаажуулах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг хэрэгжүүлэхийг даалгалаа.

Тэрчлэн “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн дагуу төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж шийдвэр гаргах эрх бүхий "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл"-ийг байгуулан ёс зүйн дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон юм.

Мөн “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу албан хаагчдынхаа албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж ирэх сарын 25-ны өдрийн дотор аймгийн ЗДТГ-ын ТЗУ-ын хэлтэст ирүүлэхийг даалгалаа.

Холбоотой мэдээ