Экспорт импортоос давжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-03-12 19:06:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газраас мэдээлж буйгаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1931.1 сая ам.долларт хүрээд байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар буюу 366.7 сая ам.доллараар өсөжээ. Экспорт импортоос давамгайлж, зөрүү нь 256.1 сая ам.доллараар эерэг гарсан байна. Манай улс он гарсаар дэлхийн 111 улстай худалдаа хийснээс 47 улсад бараагаа экспортлож, 109 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна.

Экспорт 1093.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 255.2 сая ам.доллараар буюу 30.4 хувиар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт  135.6 сая ам.доллараар, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 123.5 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 7.1 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувь буюу нийт экспортын 74.3 хувийг эзлэж байна.


Импорт 837.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 111.5 сая ам.доллараар буюу 15.4 хувиар өссөн байна. Импортын барааны өөрчлөлтийг авч үзвэл, 14 хэсгийн барааны импорт өсч, 7 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнээс, эрдэс бүтээгдэхүүний импорт 14.3 сая ам.доллараар; машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 19.8 сая ам.доллараар; үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 2.2 сая ам.доллараар; авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 82.3 сая ам.доллараар тус тус өссөн бол ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 14.1 сая ам.доллараар, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 5.1 сая ам.доллараар тус тус буурчээ.

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байна.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ