“Элсэн цаг” танин мэдэхүйн тэмцээнд 7 багийн 28 сурагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-14 14:25:02

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ, Хүүхдийн элч, Хүний эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн газар хамтран зохион явуулж буй “Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал” сэдэвт нэг сарын аяны хүрээнд хууль эрх зүйн мэдлэг сорих “Элсэн цаг” танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээний зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн ухааны хичээлийг бататгах, сэргээх, сурагчдын сурах идэвх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэж байв.

“Элсэн цаг” танин мэдэхүйн тэмцээнд Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын төлөөллөөс бүрдсэн 7 багийн 28 сурагч оролцлоо. Тэмцээнийг багийн ахлагч ба гишүүдийн дунд гэсэн хоёр төрлөөр явууллаа.  

Тэмцээний хүрээнд багийн гишүүдээс нэр сонгон асуулт асуух, хариулт өгөх, жүжигчилсэн тоглолт /тухайн үед сугалаа сугалж  5 минутын хугацаанд сэтгэн бодож, тоглолт  үзүүлэх/ зэргээр өрсөлдөж, шилдэг багуудыг тодруулав.

Тус тэмцээний тэргүүн байрт ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, дэд байрт Цаст-Алтай цогцолбор сургууль, гуравдугаар байрт 6 дугаар сургуулийн баг тус тус шалгарч,  өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авав. Мөн тэмцээнд оролцсон хүүхэд бүрт дурсгалын зүйл гардууллаа. 


Холбоотой мэдээ