Алжирын сөрөг хүчин эрх баригчидтай хэлэлцээ хийхээс татгалзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-14 14:49:28

АЛЖИР. /TASS/. Алжирын сөрөг хүчнүүдийн төлөөлөгчид эрх баригчидтай хэлэлцээ хийхээс татгалзаж, Ерөнхийлөгч Абдельазиз Бутефилкагийн санаачилгаар зохион байгуулах үндэсний бага хуралд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Энэ тухай телевизийн “Al Arabiya” суваг сөрөг хүчнүүдийн төлөөлөгчдийн хамтарсан мэдэгдлээс иш татан уламжилсан байна.


“Бутефликагийн санаачилсан үндэсний бага хурлыг эсэргүүцэх болно гэдгээ сөрөг хүчин мэдэгдэж байна. Бид мөн Ерөнхийлөгчийн хамгийн сүүлд гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байна” гэж мэдэгдэлд дурджээ.


Алжирын Ерөнхийлөгч гуравдугаар сарын 11-нд ард түмэндээ хандаж илгээлт тавихдаа, сонгуульд тав дахь удаагаа өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдээд, Засгийн газарт халаа сэлгээ хийж, шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах зорилгоор үндэсний бага хурал хуралдуулах шийдвэр гаргаснаа мэдээлсэн юм. Тэрбээр мөн шинэчлэл хийж, бүх нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуулийг баталсны дараа сонгуулийн өдрийг товлоно гэдгийг мэдэгдсэн байна.


Сөрөг хүчнийхэн “тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахын тулд улс төрийн хүчнүүдийг нэгтгэх” зорилгоор “замын зураг” боловсруулах асуудлыг хэлэлцэж байгаа аж. “Одоогийн эрх баригчид шилжилтийн үеийг удирдах чадваргүй. Хэрэв тэд засгийн эрхэнд үлдвэл үндэсний эв нэгдэл, улс орны аюулгүй, тогтвортой байдалд аюул учруулна” гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.


Сөрөг хүчнийхний мэдэгдэж буйгаар, Ерөнхийлөгчийн илгээлт “тэрбээр эрх мэдлийг шилжүүлэн өгөхийн нотолгоо болохгүй”. Тиймээс тэд Бутефликаг огцруулахыг шаардан эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг уриалжээ.


 


Холбоотой мэдээ