НӨАТ-ын урамшууллын супер шагнал 60 сая төгрөг байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-03-14 17:51:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол гуравдугаар сарын 17-ны ням гарагт болно.

Энэ өдөр "Боловсрол" телевизээр шууд дамжуулах тохиролд хоёрдугаар сарын 1-28-нд худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтуудыг хамруулна.

Тиймээс гуравдугаар сарын 16-ны өдрийн 23.59 цагаас өмнө иргэд цахим төлбөрийн баримтаа бүртгүүлэх ёстой юм. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд азтан болох боломжтой бөгөөд энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байх аж. Харин хоёрдугаар сарын сугалааны супер шагнал 50 сая төгрөг байв.

Дашрамд мэдээлэхэд, НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх талаар иргэдийн гаргасан саналд, юуны өмнө худалдан авагч бүрийг НӨАТ-ын системд хамруулсны дараа энэ асуудлыг хөндөнө гэдгээ Сангийн яам мэдэгдээд байгаа билээ. Мөн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгож байх санал гарсан. Энэ талаар Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх үеэр тусгах боломжтойг албаныхан мэдээлж байна.

Холбоотой мэдээ