Бага татвар өндөр торгууль

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-03-15 10:50:42

УИХ-ын дарга Г. Занданшатар ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29 хооронд хуралдуулах захирамж гаргалаа. Ээлжит бус чуулганаар “Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ.  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл”-ийг хэлэлцнэ.


Татварын багц хуулийн шинэчлэлийг парламент хэлэлцэхгүй удаасан гэж УИХ-ын дарга М. Энхболдыг чөлөөлөх нэг нөхцөл нь болж байсан билээ. Хэрэв энэ асуудлыг парламент хэлэлцэхгүй бол урьдын адил хэл аманд орно. Татварын багц хуулиар аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлдэг. Татварын хөнгөлөлт гэдэг аж ахуй эрхлэгч хүн бүхэнд сайхан сонсогдож байгаа. Гэхдээ татварын хөнгөлөлт зөв шийдэл биш гэдэг нь амьдрал дээр харагддаг юм билээ. Хөнгөлсөн татварын орон зайг нөхдөг арга нь өндөр торгууль байдаг. Зөрчлийн тухай хуулиар иргэнийг доод тал нь сая төгрөг, хуулийн этгээд, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөг, түүнээс дээш торгоно. Энэ өндөр торгуулийг аж ахуй эрхлэгчид төлөх гэж цээжний махаа бардаг гэж хэлж болно. Зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага  дээр аваад үзье.


Сэтгүүлчийг ямар нэг алдаа гаргасны төлөө хоёр сая төгрөгөөр торгоно. Сэтгүүлчийг торгоогүй нөхцөлд хэвлэл мэдээллийн байгууллагыг гурван сая төгрөг,  түүнээс дээш мөнгөөр торгоно.  Гэтэл сонин, сайтын орлого, сэтгүүлчийн авдаг цалин хэд билээ. Бага цалинтай сэтгүүлч, орлого багатай сонин, сайт торгуулиа төлөх гэж “урд хормойгоорооо хойд хормойгоо нөхнө” гэдэг шиг юм болно. Торгуулийн мөнгө улсын төсөвт орно. Татвар хөнгөлснөөр төсвийн орлого төдийлөн буурахгүй. Харин торгууль нэмснээр татварын бус орлого өсдөг. Тэгээд ч  2019 оны төсөвт татварын бус орлого урьд жилүүдээс өндөр тавигдсан гэж эдийн засагчид тайлбар хийж байна билээ. Тэр үнэн биз.


Ер нь улс орны хөгжлийн тулгуур нь торгууль биш татвар байдаг гэлцдэг. Татварын  хөнгөлөлт их  байх нь  тухайн улсын хөгжлийг хэвийн бус гэж үзэхэд хүргэдэг гэнэ. Татвар хэвийн байх нь татвараа бүрдүүлэхийн тулд хяналт шалгалтын ажил төлөвлөлттэй (гэнэтийн шалгалт үргэлж хийж торгох шаардлагагүй) болдог. Төлөвлөгөөт шалгалт нь тухайн аж ахуй эрхлэгчийг ямар нэг аргаар торгох үйл ажиллагааг урьтал болгохгүй. Харин ажлын байрыг хэвийн байлгаж, татвараа тогтмол авах үүднээс байцаагч нар мэргэжлийн үнэтэй зөвлөлгөө өгдөг сайн талтай гэнэ. Татвар  хэт хөнгөлснөөр шалгалт хийсэн (торгуулийн төлөвлөгөөтэй) байцаагч тэр ажлын байрыг хэвийн байлгах оролдлого хийхээс илүүтэй, түүнийг өөлж торгууль ногдуулахыг бодно. Мэдээжийн хэрэг торгуулийн төлөвлөгөө биелүүлэх үүрэгтэй байцаагч  торгож л таарна. Ийм дүр төрхийг нийтийн хоол, дэлгүүр үйлчилгээний байгууллагуудаас  харж болно.


Энэ байр сууринаас харвал, татварын хөнгөлөлт танд хоёр талтай харагдаж байгаа биз. Ийм учраас татварын багц хуулийн шинэчлэлийг хэлэлцэх гэж байгаа парламентын гишүүд татвар, торгуулийн харьцааг тогтоохдоо тунг нь тохируулахгүй бол жижиг аж ахуйн нэгжүүдийн татварыг  хөнгөлсөн ч өндөр торгуулиа дийлэхгүй тэд сөхөрч  байна гэж хэлж болно. “Төр дор татвар буй” гэж хэлдэг хүн бүр татвар төлөгч байх сётой. Гэтэл манайд одоо хүн бүр “торгуулж, шийтгүүлдэг” болох хэмжээнд хүрэв бололтой. УИХ-ын ээлжит бус чуулганы өмнө татвар, торгуулийн харьцааг шийдэх ”зөрчлийн хууль”-ийн амьдралд нийцэхгүй өндөр торгуулийг зогсоохоос  эхлээд шийдэх зүйл олон байна.  


Ажлын байрны 80 хувийг хувийн хэвшил бий болгодог. Тэдгээр аж ахуйн нэгжийн 80 хувь нь есөөс доош ажилтантай гэсэн судалгаа байдаг.  Жилдээ 20 орчим сая төгрөгийн бохир орлоготой аж ахуйн нэгж, үйл ажиллагаа явуулах гэж орлогынхоо 70 хувийг зарцуулна. Харин үлдсэн орлогоор нь бага татвар төлж амьдарлаа залгуулна. Гэвч түүнд  торгууль хүлээх  өндөр эрсдэл бий. Төлөвлөгөө биелүүлэх учиртай хяналтын байцаагч түүнийг хуульд заасан хамгийн бага хэмжээ буюу гурван  сая төгрөгөөр торгоход, бүтэн жил хөл дээрээ эргэн тогтох боломжоо алдана. Төр жижиг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлж бага татвар ногдуулж байна. Гэвч нөгөө талд нь өндөр торгууль оногдуулах урхи тавьж байгаа нь  татвараас илүү том дарамт болж байна.   


Өндөр торгууль ажлын байрыг эрсдэлд оруулдаг муу талтай юм билээ. Торгууль өндөр байгаа нь татварын хуулийн хүрээнд төсөв бүрдүүлэх ажлыг хэт хялбарчилсан шударга бус үйлдлийг цаагуураа хөхиүлэн дэмжсэн явдал болдог гэж эдийн засагчид хэлэх юм. Энэ бол хууль тогтоогчид тогтоож авахад илүүдэхгүй үг болов уу. Бага татвар, өндөр торгуулийн харьцааг тохируулах нь татварын багц хуулийн хүрээнд зайлшгүй хийх ээлжээ хүлээсэн шинэчлэл мөн. Ийм учраас хаврын чуулганы ачааллыг хөнгөлөх үүднээс ээлжит бус чуулганыг зарлан татварын багц хуулийн төслийг хэлэлцэхээр болсон биз. Гэтэл хоёр долоо хоног хуралдах ээлжит бус чуулганаар  албан тушаалын томилгоо хийх болжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхийг  УИХ-ын Тамгийн газарт албан бичгээр мэдэгджээ. УИХ түүнийг хүлээн авч ээлжит бус чуулганаар  хэлэлцүүлэхээр болжээ. Аливаа томилгоо цаг их авдаг үр дүн багатай байдаг. Энэ өнцгөөс авч үзвэл богино хугацаанд хуралдах ээлжит бус чуулганаар албан  томилгоо хийх гэж байгаа нь оновчтой шийдэл мөн үү. Хаврын  чуулган хоёрхон долоо хоногийн дараа дөрөвдүгээр сарын 5-нд  эхэлнэ. Ээлжит бус чуулган зарлан албан томилгоо хийхээр УИХ-ыг сандал суудлын өрсөлдөөнөө эхлүүллээ гэж иргэд, иргэний байгууллагууд харна. Энэ нь  иргэдийн төрд итгэх итгэлийг суларсан дээр нь сулруулж, ээлжит бус чуулганы үр дүнг бүрхэг болгох магадлалтай боллоо. Нэг хэсэг хүн өндөр албан тушаалд томилогдох гэж догдолдог, нөгөө хэсэг нь тэднийг томилох гэж хөөрдөг энэ муу зуршил УИХ-ыг сүүдэр мэт дагах боллоо. Одоо яах вэ?

Холбоотой мэдээ