Ким Жөн Намыг хөнөөсөн хэргийн хоёр дахь сэжигтнийг сулласангүй

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-03-15 13:08:05

КУАЛА-ЛУМПУР. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны ах Ким Жөн Намын амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан хоёр дахь эмэгтэй болох Вьетнамын иргэн Доан Тхи Хыонгт үүсгэсэн хэргийг Малайз улсын шүүх хэвээр үлдээсэн байна. Хоёр жил гаруй хоригдож байгаа уг эмэгтэйг Ким Жөн Намыг санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутгажээ. 


Ирж буй мэдээллүүдээс үзвэл, эрүүгийн мөрдөн байцаах ажиллагааг зогсоох тухай хүсэлтийг улсын яллагч хүлээж аваагүй байна.


Уг хэргийн өөр нэг сэжигтэн болох 26 настай, Индонез улсын иргэн Сити Айсиад тулгасан ял шийтгэлийг Малайзын шүүх даваа гарагт хэрэгсэхгүй болгосон билээ. Түүнийг шүүхийн танхимаас шууд сулласан бөгөөд удалгүй нутаг буцсан юм. Ким Жөн Намыг хөнөөх гэж байсныг эмэгтэйчүүд мэдэж байсан гэж Малайзын прокурорууд үзэж байгаа бөгөөд тэдэнд цаазаар авах ял оноохыг шаардсан байна. Харин охид хордуулах төлөвлөгөөг мэдээгүй, телевизийн нэвтрүүлэгт оролцож байна гэж бодож байсан гэж мэдэгджээ.


Ким Жөн Нам 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын нисэх онгоцны буудлаас эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм. Цагдаагийн мэдээллээр, үл таних хүмүүс нүүр рүү нь шингэн зүйл цацсаныхаа дараа зугтсан, толгой нь маш хүчтэй өвдөж, эргэж байна гэж тэрбээр эмнэлэгт хүргэгдэх замдаа хэлж байжээ. Тэрбээр мэдрэл саажуулах “VX” гэдэг бодисонд хордсоны улмаас нас барсан гэж Малайзын эрх баригчид мэдэгдсэн байна.


Энэ хэрэг гарсны дараахан дээрх хоёр эмэгтэйгээс гадна БНАСАУ-ын иргэдийг баривчилсан боловч уг хэрэгт холбоотойг нотлох баримт олдоогүй учир суллаж, албадан гаргажээ. Хэрэг гарсан өдөр Умард Солонгосын өөр дөрвөн иргэн Куала-Лумпураас явсан бөгөөд одоо Пёньянд байгаа гэж Малайзын цагдаа нар үзэж байгаа аж.


Ким Жөн Нам БНАСАУ-ын удирдагч агсан эцэг Ким Жөн Ирийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнд тооцогддог байсан билээ. Ким Жөн Нам 2001 оны тавдугаар сард Доминикан улсын иргэний хуурамч паспортоор Япон руу зорчихыг оролдсоныхоо дараа эцгийнхээ "хайр хишгийг алдсан байна". Үүнээс хойш тэрбээр гадаадад, ихэвчлэн Макаод амьдарч байжээ.


Холбоотой мэдээ