Дорнын найрагч Б.Явуухулангийн хөшөөнд цэцэг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-15 14:33:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнын их найрагч, Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн уулзалт өнөөдөр Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

1929 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Б.Явуухулан Завхан аймгийн Жавхлант сумын Тасархайн ам гэдэг газар малчин Бэгзийн хүү болон төржээ. Амьд сэрүүнсэн бол 90 насны ойгоо шүлэг дуутайгаа угтах байсан түүний анд, найзууд, шавь нар нь болон зохиолч, сэтгүүлчид хөшөөнд нь цэцэг өргөв.


Монголын соёл утга зохиолын академийн тэргүүн, МУСГЗ Г.Мэнд-Ооёо тэргүүтэн түүний шавь МУСГЗ Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян, Ш.Гүрбазар, Нацагдоржийн шагналтан Ж.Оюунцэцэг нар "Бид багшийнхаа хөшөө дурсгалыг байгуулах гэж олон жил хөөцөлдсөний үрээр энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулж өгсөн Улаанбаатар хотын удирдлагууддаа баярлаж байдаг. Сүүлийн жилүүдэд Явуугийн нэрэмжит шүлгийн уралдаан, яруу найраг, соёлын наадам хийдэг болсон нь сайхан. 2029 онд Б.Явуухулангийн мэндэлсний 100 жилийн их ой болно. Бид их олон ажил хийхээр төлөвлөж байна" гэцгээлээ.  Б.Явуухулангийн нэг үеийн болоод нэг нутгийн болох орчуулагч, яруу найрагч МУСГЗ Ж.Гэндэндарам гуай "Бид хоёр нэг нутгийн, нэг үеийн хоёр доо. Хүүхэд байхаасаа хэлэмгий цэцэн байсан Явуу маань Монголын гэгдэхээр бус дорнын гэгдэхээр нэрт найрагч болсон. Хоёул Улаанбаатарт сургуулиа төгсөөд Архангай аймагт цуг хуваарилагдан ажиллаж байлаа. Сүүлд Ази, Африкийн зохиолчдын нэг, хоёр хуралд ч хамт оролцсон. Одоо байсан бол шүлэг найргаа уншаад цэмцийж явах л байсан хүн дээ...1982 оны хоёрдугаар сард ануухнаараа насан өөд болсон нь харамсалтай. Тэгэвч шүлэг нь дэлхийн дэвжээнд давхиж л яваа нь гайхамшигтай шүү..." гэж дурслаа.

Харин Завхан аймгийн утга зохиолын салбарынхан энэ өдөр Б.Явуухулангийн төрсөн гэрийн бууц Тасархайн ам гэдэг газар уран уншлага, зохиолч уншигчдын уулзалт болж байна хэмээн Завхан аймгийн яруу найрагч Б.Баяржавхлан утсаар мэдээллээ.

Холбоотой мэдээ