Тусгай сангийн төслийн сонгон шалгаруулалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-15 18:53:27

Увс /МОНЦАМЭ/. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрөөс аймгийн ЗДТГ-тай хамтран “Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай сан”-г байгуулж, 30 мянган еврогийн хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулжээ

Энэхүү сангаас хөрөнгө оруулалт хийх аялал жуулчлалын салбарын төслүүдийг сонгон шалгаруулах уралдааныг өнгөрсөн 1 дүгээр сарын 21-нээс 2 дугаар сарын 20-ны хооронд зарлаж, энэ хугацаанд нийтдээ 22 төслийг хүлээн авчээ.

Төслийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 12-14-ний хооронд 2 үе шаттай зохион байгуулан дүнг нэгтгэн гаргасан байна. Үүнд “Баярмаа Кос” ХХК-ийн “Аялагчдад зориулсан Увс нутгийн брэнд болсон чацаргана, нуурын давс агуулсан иж бүрдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төсөл, “Хишигбилэг эрдэнэ” ХХК-ийн “Гоожуурын хүрхрээн дэргэдэх гэр баазад эко бие засах газар байгуулах” төсөл, “Сүлдэт цахир” ХХК-ийн “Халуун ус, саун, боловсон бие засах газар байгуулах” төсөл, Завхан сумын иргэн П.Адьяасүрэнгийн “НИТАЖ-д түшиглэсэн гэр бааз байгуулах” төсөл тус тус шалгарсан байна.

Тэрчлэн, “Ойрад хийц” ХХК-ийн “Увс аймгийн бэлэг дурсгал, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн” төсөл, “Огторгуйн тэмүүлэл” ХХК-ийн “Хяргас нуурыг түшиглэн усан аяллыг хөгжүүлэх” төсөл, Зүүнхангай суман дахь “Хархираа” зоогийн газар, Иргэн Ш.Батмөнхийн “Рестораны дэргэдэх боловсон бие засах газар, халуун ус барих” төсөл, “Сайн хархираа” ХХК-ийн “Цэвэр таатай орчин“ төсөл тус тус шалгарчээ.

Эдгээр төслийн зургаа нь Увс аймгийн Тариалан, Сагил, Ховд, Завхан, Зүүнхангай, Хяргас суманд оршин буй жуулчны бааз, амралтын газар, нөхөрлөлүүдэд нэн тулгамдсан бие засах газар болон бусад асуудлыг шийдвэрлэхээр болсонд санг санхүүжүүлсэн GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн төлөөллүүд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Холбоотой мэдээ