Герман хоньч нохойн тэмцээн, үзэсгэлэн болно

Монголын мэдээ | Соёл урлаг
ulzii@montsame.mn
2019-03-16 14:26:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “GSDAM LANDESGRUPPEN SHOW 2019” нэртэй герман хоньч нохойн үзэсгэлэн болон тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 6-нд болно.


Уг тэмцээнийг Монгол дахь Герман хоньч нохойн холбоо /МГХНХ/-ноос олон улсын дүрмийн дагуу зохион байгуулна. Монгол дахь нийт Герман хоньч нохой сонирхогчид, үржүүлэгчид, сургагч хөтлөгчид, салбар клубууд болоод Герман хоньч нохойг үйл ажиллагаандаа хамруулдаг олон байгууллага хамтран оролцоно.


Тэмцээнийг герман хоньч нохойн шүүгч, эксперт, олон улсын мэргэжилтэн Лин Яанг Хсиен уригдан ирж шүүх ажээ.



Тэмцээний талаар Монгол дахь герман хоньч нохойн холбооны тэргүүн О.Соронзонболд “Тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн спорт талбайд болно. Бид тэмцээнийг өндөр хяналт дор, сайн зохион байгуулахаар ажиллаж байна. Тэмцээний бүртгэл гуравдугаар сарын 10-24-нд МГХНХ-ны байранд явагдана. Тэмцээнд оролцох нохдыг бүртгүүлэхдээ, дугаарлалт бүхий бичил чип, гарал үүслийн бичиг, мөн эрүүл мэндийн дэвтэртэй байх ёстой. Эзэмшигч нь МГХНХ-ны гишүүн болсон байх гэсэн ерөнхий шаардлага тавина” гэв.

Холбоотой мэдээ