“Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын судалгаа” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-18 13:29:33

Ховд /МОНЦАМЭ/. Мянган угалзатын нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Ховд их сургууль, “Алтайн нүүдэлчид” ТББ хамтран “Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын судалгаа” төслийг 2019-2026 онд хэрэгжүүлнэ.

Төслийг хамтран хэрэгжүүлэгчид өнөөдөр “Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэ үеэр “Алтайн нүүдэлчид” ТББ-ын тэргүүн Б.Баярсайхан төслийн зорилго, хүрэх үр дүнгийн талаар танилцуулж, харилцан санал солилцов.

Тус төслийн хүрээнд “Эрүүл мал”, “Эрсдэлгүй малчид”, “Бэлчээрт ээлтэй малчид”, “Идэвхтэй байгаль хамгаалагч”, “Эрүүл ундны ус” зэрэг бичил төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын судалгааны төв байгуулж, зэрлэг ан амьтдад био-техникийн арга хэмжээ авч, биологийн олон янз байдлын зохистой ашиглалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн төслийн үр дүнд биологийн шинжлэх ухааны салбарт олон залуу судлаач, эрдэмтдийг бэлтгэх ба мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын өөрчлөлт, түүний учир шалтгааныг нарийвчлан тодорхойлно гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

Төслийг МУИС-ийн Шинжлэх ухаан, Технологийн сургууль, Агнуур судлалын “Аргаль” төв болон Байгаль хамгаалах, байгалийн нөөцийн Олон улсын холбоо /IUCN/, “Зэрлэг хонь хамгаалах сан” зэрэг байгууллага дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Мянган угалзатын нуруу нь Ховд аймгийн Цэцэг, Мөст, Алтай сумын нутаг дэвсгэрт оршдог Монгол Алтайн нурууны нэгэн салбар уулс юм. Тус нуруу нь аргаль хонины тархалтын цөм нутаг бөгөөд 2002 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. 

Холбоотой мэдээ