Утрехт хотод зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-19 10:00:35

АМСТЕРДАМ. /BBC/. Даваа гарагийн орой Нидерландын Утрехт хотын трамвайд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна.


Цагдаагийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр, уг халдлагыг Туркийн иргэн, 37 настай Гокмен Танис гэгч этгээд үйлдсэн ба түүнийг хэргийн газраас 3 орчим километр зайд орших барилгаас хэдэн цагийн дараа баривчилжээ. Тэрбээр ямар шалтгааны улмаас халдлага үйлдсэн нь тодорхойгүй байна.


Халдлага болсны дараа гэмт этгээдийг хот даяар эрэн сурвалжилж, сургуулиудыг түр хугацаагаар хаасны зэрэгцээ аюулаас хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн нисэх онгоцны буудал болон сүмүүдэд хамгаалалтад гарчээ.


Хэргийн газарт байсан хүмүүсийн мэдээлснээр, нэгэн эрэгтэй трамвай дотор гэнэт гал нээж эхэлсэн аж. Гэмт этгээд халдлага үйлдсэний дараа хэргийн газраас зугтсан бөгөөд цагдаагийн ажилтнуудын явуулсан ажиллагааны дүнд түүнийг баривчилжээ.


Утрехт нь Нидерландын дөрөв дэх том хот бөгөөд 340 мянга орчим оршин суугчтай юм. Тус хотод гэмт хэргийн гаралт харьцангуй бага байдаг ба галт зэвсгээр халдлага үйлдэх нь тун ховор тохиолддог байна. 

Холбоотой мэдээ