Үйлчилгээний газарт картынхаа нууц дугаарыг өөрөө оруулж хэвших шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-21 15:39:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Технологийн хурдацтай хөгжлийг дагаад, орчин үед бидний амьдралын эргэн тойронд байгаа мэдээлэл бүр дижитал технологид шилжиж байна. Ингэснээр интернэт хэрэглэгчид мэдээ мэдээллийг орон зай хамаарахгүй асар хурдтай бие биетэйгээ солилцох боломжтой болсон ч тэрхүү мэдээллийн системд хэн нэгэн хууль бусаар нэвтэрч, бусдад хор хөнөөл учруулах болсон. Цахим гэмт хэргээс иргэд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар наад захын энгийн аргуудыг мэддэггүйгээс сүүлийн жилүүдэд манай улсад цахим гэмт хэрэг эрчимтэй нэмэгдсээр байна. Тиймээс цахим гэмт хэрэг, халдлагаас хэрхэн сэргийлэх талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахмад Б.Шийрэвнямбаас тодруулсан юм. 


-Цахим  гэмт хэргийн төрлийг хэлж өгнө үү?

-Иргэд Цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг, Кибер халдлага гэдэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Кибер гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж хуульчилсан байна. Тодруулбал, цахим мэдээлэлд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах, хортой программ хангамж бүтээх, ашиглах, тараах зэргийг хориглосон байдаг. Харин цахим орчинд үйлдсэн гэмт хэрэгт, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчлах, бусдын оюуны өмчийг цахим орчинд тараах, цахим орчинд хууль бусаар мөрдөж мөшгих зэргийг хамруулна.


-Цагдаагийн байгууллага цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Кибер гэмт хэрэг, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ажлыг тухай бүрт нь зохион байгуулж холбогдох аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл, мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна. Мөн түүнчлэн кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчдын чадавхийг дээшлүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхээр тодорхой ажил хийж байна.  


-Орчин үед бүх зүйл цахимжиж байна. Үүнийгээ дагаад цахим гэмт хэрэг ч өсөж байгаа нь ажиглагдаж байна?

-Мэдээлэл технологийн хөгжлийг дагаад иргэд, аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээ зэрэг нь цахим орчинд идэвхитэй шилжиж байгаа өнөө үед тухайн орчинд шунахайн сэдэлтээр үйлдэгдэх гэмт хэргийн тоо ихсэх хандлагатай байна. Кибер халдлага буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэг буюу Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2017 онд 68 бүртгэгдсэн бол, өмнөх онд 109 болж нэмэгдсэн. Харин цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг 2017 онд 362 бүртгэгдсэн бол, ноднин 625 болж нэмэгджээ. Тэгэхээр кибер гэмт хэрэг жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн гэж хэлж болно.


-Цахим орчинд ямар төрлийн гэмт хэрэг ихээр гарч байна вэ?

-Монгол Улс “Фэйсбүүк” хэрэглээгээр Азидаа нэгдүгээрт жагссан байна. Энэ утгаараа иргэд “Фэйсбүүк”-ээр эд хөрөнгөө залилуулах тохиолдол ихээхэн гарах боллоо. Энэ чиглэлээр цагдаагийн байгууллага тасралтгүй арга хэмжээ авч, зохих ажлыг хэрэгжүүлж байгаа ч орчин үед кибер халдлага хүн бүрийн хаалгыг тогших болсон. Өмнө нь иргэдийн халааснаас, хувийн орон байранд ороод, эд зүйл хулгайлдаг байсан бол орчин үед таны цахим орон зай руу нэвтэрч, нууц мэдээллийг авах, түүнийгээ ашиглаад иргэдийг залилан мэхэлж байна.


-Тодруулбал?

-Сүүлийн үед гарсан хохирол ихтэй хэргүүдийг харахад, гадаад худалдаа эрхэлдэг ААН-ийн ажилтан и-мэйл /цахим шуудан/, цахим хаягийнхаа нууц дугаарыг алдсанаар, гэмт хэргийн хохирогч болсон байдаг. Учир нь хувийн мэдээллийг авсан гэмт этгээд тухайн ААН-ийн харилцагчтай нь ижил харагдахуйц, үсэг, тооны зөрүүтэй и-мэйл хаяг нээгээд, тэндээсээ харилцах замаар хууран мэхэлдэг. Тухайн байгууллагын ажилтны хайхрамжгүй байдлаас болж, залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болж байна.


-Үүнийг "пишинг" төрлийн гэмт хэрэг гэж сонсож байсан юм байна. Интернэт хэрэглэгч өөрийн цахим хаяг, и-мэйлийнхээ нууц дугаарыг алдахгүй байхын тулд яах ёстой вэ?

-Энэхүү гэмт хэргийг олон аргаар үйлдэх боломжтой байдаг бөгөөд таны дурдсан пишинг буюу ижил төстэй веб сайт ашиглан нэвтрэх нэр, нууц үгийн мэдээллийг олзворлон авах нэг арга хэрэгсэл нь болоод байна. Интернэт хэрэглэгч олон нийтийн сүлжээнд гарсан ямар нэгэн холбоос руу ороход таны хувийн цахим хаягийн мэдээллийг нэхэж байгаа л бол пишинг сайт гэж ойлгоод, нууц дугаараа огт хийж болохгүй. Пишинг веб сайт нь ихэвчлэн таны мэдээлэл авах гэж буй веб сайтын домайн хаяг /холбоос “URL”/-тай ижил төстэй байдаг юм. Тиймээс сэжигтэй вебсайтын домэйн нэрийг интернэт хэрэглэгч та өөрөө нягталж, албан ёсны веб сайт мөн эсэхийг анзаарч байх хэрэгтэй. Түүнчлэн ААН-үүд өөрсдийн албан ёсны цахим шууданг нээхдээ, найдвартай байдал, нууцлал, аюулгүй байдалдаа анхаарах хэрэгцээ, шаардлага тулгараад байгаа юм. Ялангуяа, гадаад худалдаа, мөнгөн гуйвуулга хийдэг ААН-ийн ажилтны компьютерын мэдээллийн аюулгүй байдал хангагдсан байх ёстой. 


-Сүүлийн үед иргэдийн фэйсбүүк хаягаар үл мэдэх хүн нэвтэрч ороод, дотны хүмүүсээс нь мөнгө нэхэх хэрэг гарч байгааг хэдэнтээ дуулсан. Иргэд юунд анхаарч, цахим залиланд өртөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэд хэдэн этгээдийг шалгаж байна. Анхаарах асуудал нь юу вэ гэхээр, нэгдүгээрт, фэйсбүүк хэрэглэгч нийгмийн сүлжээнд оруулсан өөрийн хувийн мэдээллээр нууц дугаараа хийхгүй байх хэрэгтэй. Өөрийн гар утасны дугаар, төрсөн өдөр зэрэг мэдээллээр нууц дугаараа хийвэл бусдад мэдэгдэхэд амархан шүү дээ. Хоёрдугаарт, таны дотны найзаас яаралтай мөнгө хүссэн тохиолдолд, утсаар холбогдож тодруулж байхыг зөвлөе. Учир нь таны найз кибер халдлагад өртсөн байхыг үгүйсгэхгүй юм. Дээрээс нь нэмээд хэлэхэд, фэйсбүүкээс сэжигтэй холбоос, хуурамч пишинг веб сайтын шинжтэй зүйл рүү орсон бол нэн яаралтай нууц дугаараа солих хэрэгтэй.


-Оны өмнөхөн иргэдийн банкны картын туузан мэдээлэл хуулбарласан гэмт этгээдийг цагдаа нар саатуулсан. Иргэд банкны картан дахь мөнгөө хэрхэн хамгаалах вэ?

- Гэмт этгээдүүд нь үйлчилгээний газарт ажилтнаар орж, иргэдийн банкны картын туузан мэдээллийг тусгай төхөөрөмж ашиглан хуулбарлаж, тодорхой бэлдцэд суулгаад, АТМ-ээс мөнгийг нь авсан хэргийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж холбогдох албанд шилжүүлэн ажилласан. Иргэд үйлчилгээний газарт, үйлчилгээний ажилтанд банкны картаа нууц дугаартай нь хэлж өгөөд явуулчихдаг. Энэ хайхрамжгүй үйлдлээс дээрх гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үүсэж байгаа юм. Тиймээс иргэд үйлчилгээний газарт банкны картынхаа нууц дугаарыг заавал өөрөө оруулж хэвших шаардлагатай. Үйлчилгээний газрууд ч иргэнээс банкны картын нууц дугаарыг шаардах ёсгүй юм. 

Холбоотой мэдээ