ХХБ-ны удирдлагуудыг яллагдагчаар татах саналыг буцаажээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-21 16:01:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед олны анхааралд буй хэргүүдийн талаар Нийслэлийн прокурорын газар /НПГ/-ын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд өнөөдөр мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлах гэж байсныг тодорхой баримт өгч шалгуулах хүсэлт Ерөнхийлөгч Х.Баттулга тавьсан. Энэхүү хэргийг харьяаллын дагуу АТГ шалгаж, НПГ хянан ажиллаж байна. Эл хэрэгт 2002 оны хуучин эрүүгийн хуулийн дөрөвдүгээр бүлгийн 236-д заасны дагуу “албан тушаалаа урвуулан ашигласан” гэх зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос өнгөрсөн сарын 22-нд гэрчийн мэдүүлэг авсан” хэмээв.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулав.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий иргэний гэрээс уран зураг хураасан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар тодруулна уу?

 -Тухайн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын байгууллага хянаж ажиллаж байгаа. Тиймээс тухайн байгууллагаас мэдээлэл авна уу.

-Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлсэн. Энэ хэрэг юу болж байна вэ?

-"Монголын зэс" корпорац "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авсан 400 сая ам.долларын эх үүсвэр тодорхойгүй гэх үндэслэлээр ЭЦА, АТГ-ын хамтарсан ажлын баг мөрдөн шалгаж байна. Уг хэргийг  мөрдөгчөөс Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацын захирал Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар нарыг эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу залилах, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал НПГ-т ирүүлсэн. Мөн О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарт банкны чадвар алдагдуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал ирүүлсэн. Дээрх асуудлыг НПГ хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар харьяаллын байгууллагад нь буцаасан. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан 400 сая ам.долларыг төрийн мөнгөөр авсныг тогтоовол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны асуудал яригдана. Хэрэгт авсан нотлох баримтаар дээрх нэр бүхий дөрвөн хүнийг зөвхөн ХХБ-наас зээл өгсөн, авсан гэх хэргээр шалгаж байгаа тул одоогоор яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж үзээд буцаасан. 

-ХЗДХ-ийн сайд өнөөдөр мэдээлэхдээ, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор, хуулийн байгууллагын ажилтнуудыг хорьсон бөгөөд одоо ял эдэлж байгаа хоёр иргэнийг хэлмэгдүүлсэн байж болзошгүй талаар ярьсан?

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой өмнөх шүүхийн тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тухайн үед хэргийг шалгаж байсан хоёр албан тушаалтныг саатуулсан нь үнэн. Энэ нь нууцын зэрэглэлтэй тул нарийвчлан мэдээлэл өгөх боломжгүй.

-Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдсон шүүгч нарын хэрэг ямар шатандаа байна вэ?

-Нийт долоон шүүгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргээр шалгаж байгаа. Албан ёсоор энэ хэрэгт яллагдагчаар татаад, эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн хоёр шүүгчийг дээрх хэргээс өөр зүйл ангиар шалгаж байгаа юм.

Холбоотой мэдээ