“Эко клуб”-ын сурагчид даавуун тор хэрэглэхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн Б.Алтанцэцэг багштай “Эко клуб”-ын сурагчид нийлэг уутнаас татгалзах талаар санаачилга гаргаж, сумынхаа төрийн байгууллагуудаар орж даавуун тор хэрэглэхийн ач тусыг сурталчилсан байна. Мөн гэрээр оёдол эрхэлдэг эмэгтэйчүүдийг 1000-5000 төгрөгийн хооронд даавуун тор урлаж сумын дэлгүүр, хоршоонд нийлүүлэхийг уриалжээ.
Тэгвэл өнөөдрөөс эхэлж байгаа дэлхийн ой, ус, цаг уурын өдрүүдийг тохиолдуулан Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд илтгэл, эсээ бичлэгийн уралдаан, АХА тэмцээнийг тус "Эко клуб"-аас зохион явуулсан байна. Энэхүү ажлыг хийхэд Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны Тэс сум дахь байгаль хамгаалагч Д.Тулгаа ихээхэн тусалж дэмжжээ.
Үүнээс гадна Улаангом сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийлэг уутнаас татгалзаж, даавуун тор хэрэглэхийг уриалсан үйл ажиллагаануудыг зохион байгуулж эхлээд байна.