Ростовын онгоцны буудалд унасан Боингын ослын шалтгааныг тогтоож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-03-21 15:27:27

Энэ сарын 19-нд  Ростов-на –Дону хотын онгоцны буудалд хоёр дахь удаагаа буух гэж оролдлого хийх үедээ осолдсон ”FlyDubai” компаний  Boeing-737-800 онгоцны ослын шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байна.

Дубай-Ростов –на – Дону чиглэлийн онгоц 62 хүнтэй осолдсон бөгөөд  55 зорчигч, багийн  7 гишүүн бүгд амь үрэгджээ. Үүнээс  ОХУ-ын 45 иргэн байсан. Өчигдөр Ростов-на-Дону хотод гашуудлын өдөр зарлав. Мөн өдөр онгоцны буудлын 350 метр кв талбайг цэвэрлэх зөвшөөрлийг Орос улсын Мөрдөн байцаах хороо зөвшөөрсөн. Нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдийг  Ростовт ирүүлж,  ДНК шинжилгээ авч, цогцос шинжлэх ажлыг явуулж байна. Өчигдөр ”FlyDubai” компаниас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд 20 мянган долларын нөхөн олговор олгох  болсон тухай мэдэгджээ. 

Онгоцны ослын шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна. Нэгдүгээрт , нисгэгчийн алдаа, хоёрдугаарт , техникийн алдаа болон цаг агаарын онц хүнд байдалтай холбон таамаг дэвшүүлж буй юм.  Гэхдээ яг хараахан албан ёсоор шалтгааныг тогтоогоогүй байна.

Өнөөдөр Ростов-на –Дону хотын  олон улсын онгоцны буудал хэвийн ажилдаа орлоо.

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ