Цохивор хөгжмөөр "Монголын сайхан орон"-ыг анх удаа тоглож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-26 20:23:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхмийн багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Зоригт  “Найруулга-2019” тоглолтоо сонсогч олондоо өргөн барьж байна.

Зөвхөн цохивор хөгжмөөр дагнасан чуулга байгуулж, 2007 онд Улсын филармоны тайзан дээр “Найруулга” гэсэн нэртэй анхны тоглолтоо хийж  байжээ. 2017 он хүртэл  тасралтгүй 10 жил үргэлжилсэн энэ тоглолтыг хаврын эхэн  сард үзэгчид хүлээдэг болсныг өчигдөр, өнөөдрийн хоёр тоглолтоос харж болно.

Энэ удаагийн тоглолтод оролцож байгаа сурагчид бол гурав дахь үеийн хөгжимчид гэнэ. Харин Консерваторийн сургууль болсноос хойшхи анхны тоглолт болж буйгаараа энэ удаагийн "Найруулга"-ын онцлог. Бас нэг  онцлог дээрээ онцлог нэмсэн нь  Монгол Улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн “Монголын сайхан орон” хөгжмийн бүтээлийг бүрэн эхээр нь тоглож байна. Гэхдээ ХБНГУ-д хадгалагдаж байсан хөгжмийн найруулгыг Монголдоо анх тоглож байгаа  нь бүр онцлог гэж МУГЖ Б.Зоригт ярилаа.

2017 оноос хойш цохивор хөгжмийн тэнхим 70 гаруй хөгжимчин бэлтгэсэн байна. Төрийн баяр наадмын нээлтээс эхлээд төрийн ёслол хүндэтгэлийн концерт бүхэнд цохивор хөгжмийн бүтээлээ тоглодог болсон нь жил бүрийн "Найруулга" тоглолтын амжилт юм гэдгийг ч түүний шавь нар хэллээ.


Холбоотой мэдээ