Үндэсний хэл бичгээ эзэмшин хэрэглэх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ-аас 2025 оноос эхлэн
албан бичгээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг
хангаж, алба хаагчдынхаа үндэсний бичиг үсгээ хэрэглэх мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Тус зорилтын хүрээнд удахгүй болох
“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтаж, ”Эх хэл, бичгээ эрхэмлэн дээдэлье” уриан дор монгол бичиг үсгийнхээ соёлын өвийг
түгээн дэлгэрүүлж, үндэсний хэл бичгээрээ бахархах, сурах идэвх сонирхлыг
нэмэгдүүлэх олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа ажээ.
Нийт алба хаагчдынхаа монгол хэл,
бичгийн чадварыг нэмэгдүүлэхийн тулд монгол бичгийн цагаан толгойн ном, гарын
авлагыг тараан тэдний уншиж, бичих чадвар, дүрмийн мэдлэгийг сайжруулахын
зэрэгцээ “Монгол бичгээр хэн зөв, цэвэр бичих вэ?” уралдаан зарлан дүгнэж,
тэргүүн байрыг Шуурхай удирдлагын оператор Ю.Ганцэцэг, дэд байрыг Хүний нөөц,
бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Б.Мөнхжаргал нар
тус тус эзэлсэн байна.
Тус байгууллага гадна дотно хаяг, офицер
алба хаагчдынхаа нэрийг монгол бичгээр бичиж байрлуулсан төдийгүй тэдний ажлын
өрөөнд шүлэг, онч мэргэн, зүйр үгсийг үндэсний бичгээр бичиж байрлуулах зэргээр зөвхөн алба хаагчид төдийгүй
байгууллагынхаа хэрэглэгчид, иргэдэд ч үндэснийхээ монгол бичгээр унших тэр
чадавжийг олгож байгаа ажээ.