Хатгалгааны эсрэг 13 цэнт вакцин нэвтрүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-04-01 16:30:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын тушаалаар, өнөөдрөөс 21 аймагт нярай хүүхдийн хатгалгааны эсрэг 13 цэнт вакцин нэвтрүүлж эхэллээ. Хоёр сартай хүүхдийг товын дагуу 2 сартайд нь эхний тунгаар, дөрвөн сартайд нь 2 дахь тунгаар, есөн сартайд нь 3 дахь тунгаар буюу нийтдээ 3 удаагийн тунгаар дархлаажуулах аж.

Монголд Улс пневмококкын эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос Сонгинохайрхан, Сүхбаатар, 2017 оноос Баянзүрх, 2018 оноос нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдийг үе шаттайгаар амжилттай дархлаажуулж эхэлсэн юм. Нийслэлд бүрэн нэвтэрсэн энэ вакциныг ийнхүү улсын хэмжээнд нэвтрүүлэх юм.

Судалгааны урьдчилсан дүнгээр пневмококкын 13 цэнт вакциныг нэвтрүүлснээр, хүүхдийн дунд нийт уушгины хатгалгаа 35 хувь, рентгенээр батлагдсан уушгины хатгалгаа 40 хувь, хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа 28 хувь, маш хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа 27 хувь, хүчилтөрөгчийн дуталт уушгины хатгалгаа 40 хувь хүртэл буурчээ.

Дэлхий дахинд халдварт саа өвчнийг устгах зорилт, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд улсын хэмжээнд идэвхгүйжүүлсэн халдварт саагийн эсрэг вакцинаар 5 сартай хүүхдийг дархлаажуулж эхлээд байна.

ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хүүхдийг хатгалгааны эсрэг болон халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцинд идэвхтэй хамруулахыг эцэг эхчүүдэд уриаллаа.

Холбоотой мэдээ