Ж.Ган-Эрдэнэ: Нийт шалгуулагчийн 84 хувь нь босго оноогоо давж чадлаа

Монголын мэдээ | Тодруулга
bolor@montsame.mn
2019-04-02 20:37:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн ЭЕШ-ын хамгийн эхний буюу монгол хэлбичгийн шалгалт гуравдугаар сарын 23-нд болж, дүнгээ гаргалаа. Энэ талаар Боловсролын Үнэлгээний төвийн дага Ж.Ган-Эрдэнээс тодруулав.


-Энэ жил нийт хэчнээн шалгуулагч монгол хэлбичгийн шалгалт өгөв?


-Монгол хэлбичгийн шалгалтыг энэ жил 16 мянга гаруй шалгуулагч өгсөн. Шалгалтыг улсын хэмжээнд 34 шалгалтын төвд зохион байгууллаа. Шалгалтын дүнг харахын тулд, энэ жил 12 дугаар ангийг төгсөгчид Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудас руу нэвтэрч, регистрийн дугаараа оруулж, харин өмнөх оны төгсөгчид нэвтрэх нэр, нууц дугаараа хийж дүнгээ харж болно.


-Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах монгол хэлбичгийн шалгалтын босго оноог энэ жил 400 байхаар  тогтоосон. Үүнээс хэчнээн шалгуулагч босго оноондоо хүрсэн бэ?


-Нийт шалгуулагчийн 84 хувь нь босго оноогоо давж чадлаа. Үлдсэн 2700 гаруй буюу 16 хувь нь босго оноогоо давж чадаагүй. Эдгээр шалгуулагч энэ сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой. Үүний тулд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бүртгэлд заавал хамрагдах ёстой.


-Монгол бичгийн хичээлээр шалгуулагчдын түвшин ямар байна вэ. Ноднингийнхоос ахисан уу?


-Шалгуулагчид өмнө нь шалгалтад орсон л бол болоо гээд хоосон материал өгөх ч юмуу, хичээж ажилладаггүй байсан. Энэ жил босго оноо тогтоосонтой холбоотойгоор хоосон материал өгөлгүй, нэлээн ажилласан нь анзаарагдаж байна. Бид урьдчилсан дүнгээ л гаргаад байна. Аль агуулгыг чадаж байна гэхчлэн нарийвчилсан тайлан одоогоор гараагүй. Монгол бичгээр уншиж, бичих агуулгад алдаа гаргасан нь дийлэнх байсан.


-Давтан шалгалтад тэнцэхгүй бол яах вэ?

-Босго оноо давахгүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй. Харин ЭЕШ-д орж болно. Өөрөөр хэлбэл, дахин шалгалтын босго оноо заасан оноонд хүрэхгүй бол ЭЕШ өгч болох ч их, дээд сургуульд элсэх боломжгүй болно гэсэн үг.


-Энэ жил шалгалт өгсөн даруйдаа анхны оноогоо мэддэг шууд засах технологи нэвтрүүлж байгаа. Монгол хэлбичгийн шалгалтын дүнг хэрхэн гаргасан бэ?


-Монгол хэлбичгийн шалгалт бол бичгийн чадвар шалгасан даалгавар учир машинаар засах боломжгүй. Шалгалтын дүнг гаргахдаа багш нарыг тусгай орчинд, цагдаагийн тусгай хамгаалалтад вакумжуулж зассан. Шалгалт авснаас хойш долоо хоногийн дараа дүн гарсан. Харин ЭЕШ-ын дүн шууд гарах юм.  

Холбоотой мэдээ