Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-04-04 13:29:16
Төв /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолоор 2019 оныг “Иргэд төвтэй хөдөлмөр эрхлэлтийн жил” болгон зарласан байна. 2019-2020 онд хэрэгжих Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг сурталчлах, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Хөдөлмөрийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах” хоёр өдрийн сертификаттай сургалтыг Зуунмод суманд зохион байгуулжээ.
Тус сургалтыг ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар, Secim төсөлтэй хамтран хийсэн байна. 
Төв аймгийн 27 сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон сумдын газрын холбогдох мэргэжилтнүүд сургалтад хамрагджээ.
Сургалтын зорилго “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, тогтоомжийн шинэчлэл”, “2019 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн өөрчлөлтийн талаар” салбарын мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх, сургалтын үр дүнг тодорхойлох шалгалтыг нийт оролцогчдоос авч сертификат олгосон байна.
Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас сумдын нийт мэргэжилтэнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх чиглэл өгчээ. Мөн төрийн албан хаагчийн шинэчлэгдсэн ёс зүйн дүрэм, авлига ашиг, сонирхлын зөрчлөөс ангид байх асуудлаар сургалт мэдээлэл хийсэн гэж Хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн Д.Оюундэлгэр мэдээллээ. 
ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар, Secim төсөлтэй хамтран явуулж буй тус сургалт нийслэл, 21 аймагт дэс дараатай хэрэгжиж байгаа юм.
Secim төслийн зорилго мах, сүү, хүнсний ногоо, арьс ширний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулж ногоон хөгжлийг дэмжих замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход чиглэгддэг юм байна.
Тус төсөл 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.













Холбоотой мэдээ