Ханх Мондын боомт 2022 онд олон улсынх болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хотод болсон “Байкалтур” олон улсын үзэсгэлэнгийн үеэр Хөвсгөл аймаг болон Эрхүү муж хоорондын найрамдалт харилцааг дэмжих, бэхжүүлэх зорилгоор аймгийн БОАЖГ Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлагтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Энэ үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын яамны сайд М.Б.Бадмацыренова Ханх-Мондын боомтыг 2022 онд олон улсын боомт болгоно хэмээн мэдэгджээ. Хөвсгөл нуурын хойд эргийг даган байрладаг ОХУ-тай хил залгаа орших Ханх сумын тус боомтоор жилд давхардсан тоогоор 30 мянга гаруй хүн нэвтэрдэг бөгөөд 10 гаруй мянга нь ОХУ-ын жуулчид байдаг байна.Тус боомтоор гуравдагч орны иргэд нэвтрэх боломжгүй байдаг. Харин олон улсын боомт болсноор хил дагуу орших байгалийн үзэсгэлэнт тогтоцтой тус сум нь аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжих төдийгүй үүнийг дагасан эдийн засгийн нөхцөл байдал ч сайжрах боломжтой ажээ.