Сүүлийн хоёр жилд найман хүн эрсэдсэн нүүрсний уурхайг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-04 15:03:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүрэгт нүүрс олборлох талбайн лицензтэй “Сүмбэр худаг” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлана хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ өнөөдөр мэдээлэв. Тус компанийн талбайд сүүлийн хоёр жилд найман хүн уурхайн ослоор амиа алджээ. 


НМХГ-ын улсын байцаагч нар өнгөрсөн сарын сүүлээр Налайх дүүрэгт нүүрс олборлох тусгай зөвшөөрөл бүхий 22 ААН-ийг шалгасан. Үүнээс “Сүмбэр худаг” ХХК нь нөхөрлөл байгуулж ажиллахдаа, ажилчидтайгаа хөдөлмөрийн аюулгүй байдлын гэрээ байгуулаагүй зөрчил илэрчээ. Иймд тус нөхөрлөлийг байгуулсан “Сүмбэр худаг” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхээр болжээ.



Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ, “Хүний амь наснаас үнэтэй лиценз гэж байхгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй уурхайн лицензийг цуцлах хэрэгтэй. Хууль бус үйл ажиллагаа явуулчихаад олон хүн ажилгүй боллоо гэж ярих шаардлагагүй. Нөхөрлөлийн гэрээндээ, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах заалтыг тусгасан байх ёстой” гэв.


Шалгалтаар, тусгай зөвшөөрөл эзэмшигч есөн ААН-ийн нийт 41.3 га талбайг нөхөн сэргээгээгүй орхижээ. НМХГ энэ асуудлаар Нийслэлийн байгаль орчны газарт албан бичиг хүргүүлэх юм байна. 


“Манай компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд иргэд хууль бусаар цооног гаргаж эхэлсэн. Бид мэргэжлийн байгууллагатай хамтран талбайгаа хамгаалах талаар арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй юм. Манай компани улсад татвараа бүрэн төлдөг. Мөн нөхөрлөлийнхөө ажилчдад Хөдөлмөр, аюулгүй байдал /ХАБ/-ын зааварчилгаа өгдөг” хэмээн “Сүмбэр худаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ганбат ярилаа.


Налайх дүүрэгт сүүлийн 10 жилд нүүрсний уурхайн 137 ослоос 274 хүнийг аварсан бол, 126 хүн амиа алджээ. Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар, “Сүмбэр худаг” ХХК, "Таван шүтээн" ХХК, "Хэлтрэгэ" ХХК зэрэг компанийн талбайд есөн нөхөрлөлийн 83 бичил уурхайд 590 иргэн нүүрс олборлож байна. 

Холбоотой мэдээ