Ж.Дүнжмаа: Монгол л хүн юм чинь уртынхаа дууг мэддэг, дуулдаг л байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-05 22:24:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотноо Монгол Улсын Гавъяат жүжигчин, уртын дуучин Ж.Дүнжмаагийн нэрэмжит “Энх мэндийн баяр” уртын дууны улсын уралдааныг дөрөвдүгээр сарын 5,6-ны өдөр зохион байгуулж байна. Нэрэмжит улсын уралдаанаа зохион байгуулж байгаа Монгол Улсын Гавъяат жүжигчин, уртын дуучин Ж.Дүнжмаатай уралдааных нь  талаар ярилцлаа. 


-Таны нэрэмжит “Энх мэндийн баяр” уртын дууны улсын уралдаан болж байна. Та сэтгэгдлээсээ хуваалцана уу, энэ уралдаан ер нь ямар зорилготой, хэчнээн хүн оролцож байна вэ?

-Манай аймагт зохион байгуулж байгаа миний нэрэмжит уртын дууны уралдаан сайхан болж байна. Олон ч хүн хамрагдаж байна. Уралдаанд маань Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь аймгаас мөн Дархан Улаанбаатараас олон хүүхэд, залуучууд, ардын авьяастнууд оролцож байна.

Тиймээс өнөөдөр надад маш бахархалтай байна. Намайг хүндлээд ингээд хүрээд ирж байгаад нь маш их баярлаж байна. Уралдаанд маань 120 гаруй хүүхэд, залуучууд оролцож байна. Харин манай аймгийн хөдөөгийн сумдаас арай цөөн хүн оролцов уу даа. 14 сумаас дөрвөн сум л оролцож байх шиг байна.

Энэ уралдаан маань соёлын өв болсон уртын дуугаа залуучууд, хүүхдүүддээ л сургаж, дэлгэрүүлэх гол зорилготой. Миний хувьд хүн дан урлагаар явахгүй ч гэсэн найранд гурван дуутай, наадамд гурван даваатай байгаасай л гэж бодож явдаг. Шавь нартаа ч байнга ингэж хэлж, захьдаг. Энэ уралдаан маань улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулж байгаагаараа л онцлог юм уудаа.

-Энэ уралдаанд таны шавь нараас хэр олон хүн оролцож байна, ер нь хэчнээн шавьтай вэ?

-Шавь нараас маань олон хүн оролцож байна. Миний шавь нар чинь одоо хүүхдүүд байна, оюутнууд байна, ардын авьяастан ч байна шүү дээ.  

Шавь нар гэсэн чинь тоогоо алдсан байна лээ. Яг нарийн бүртгэл байхгүй. Гэхдээ 3000 гаран ч юм уу даа. Хүүхдүүд төгсөөд л, доороосоо түрж орж ирээд л явахаар олон шавь нартай болсон байна. Мөн хөдөө сумдад би сургалтаар их явдаг. Тэгэхээр их л олон шавьтай болж байна шүү дээ.

-“Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр байгуулагдаад уртын дууны багшаар ажиллаж эхэлснээс хойш хэдэн хүүхэд таны дугуйланд явсан байдаг вэ?

-Хүүхдийн театр байгуулагдсанаас хойш ер нь л 1000 гаруй хүүхэд хамрагдаж. Тэгээд сургуулиа төгсөөд л СУИС-д орж суралцаж байна. Зарим жилд 5, 6 хүүхэд энэ сургуульд орж суралцсан байдаг. Төгсөөд мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа хүүхэд ч зөндөө байна.

-Та шавь нартаа уртын дууг зааж сургахдаа төв халх, боржигон гээд аль аялгууг нь түлхүү эзэмшүүлж байна вэ?

-Би өөрөө яг боржигон аялгуугаар дуулж сайн чаддаггүй болохоор боржигон талдаа хүүхдүүдээ хөгжүүлэхийг зорьдог. Гэхдээ төв халхыгаа ч гэсэн адилхан л зааж, эзэмшүүлж байгаа. Яахав, миний дуулдаг дуунууд ерөнхийдөө боржигон талдаа, гэхдээ бас яг боржигон гэж хэлж чадамгүй. Ер нь өөрийн гэсэн өнгө байдаг гэх үү дээ. Хүүхдүүддээ аль аль талыг нь зааж сургахыг боддог юм.

-Өнөөдөр Таны нэрэмжит улсын уралдаанд таны хоёр дүү Ардын жүжигчин А.Дашпэлжээ, А.Нэргүй хоёр ирсэн байна. Нэг айлаас ингээд урлагийн 3 том хүн төрөн гарсан гэж бодохоор үнэхээр биширмээр санагддаг. Хоёр дүүдээ зориулж юу хэлмээр байна вэ?

-Бид гурвыг “Өлгий нэгт, Өлзийтийн гурван гавьяат” гэдэг байсан. Одоо хоёр дүү маань Ардын жүжигчин болчихоод явж байна. Одоо бол “хоёр Ардын жүжигчин, нэг гавъяат жүжигчин” гэх нь байна. Би хоёр дүүгээрээ ёстой их бахархдаг. Биднийг төрүүлж өсгөсөн аав, ээж, нутаг орондоо л залбирч явдаг даа.   

-Уртын дуу сурах гэж байгаа хүүхэд, залуучууддаа юу хэлмээр байна, юу гэж захимаар санагддаг вэ?

-Ер нь л бүх залуучууд, хүүхдүүд уртын дуугаа мэддэг, дуулдаг л байх ёстой гэж боддог. Монгол л хүн юм чинь уртынхаа дууг дуулдаг, хуурддаг л байх нь зөв шүү дээ.

Одоо энэ хүүхдүүд уртын дууг яг л нэг дэг, шугамаараа сурмаар байгаа юм. Зарим нь бас арай л хэтрүүлж дуулах гээд ч байх шиг санагддаг. Ер нь сайн судалж, чигтэй л болох нь зүйтэй гэж хэлмээр байна.

 -Ярилцлага өгсөн Танд баярлалаа. “Энх мэндийн дуу” улсын уралдаанд нь амжилт хүсье!

Холбоотой мэдээ