Ассанжийг Шведийн талд шилжүүлэн өгөхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-13 14:16:15

ЛОНДОН. /BBC/. “WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг АНУ-д бус хэрэв хүсэлт гаргавал Швед улсын талд шилжүүлэн өгөхийг Их Британийн парламентын гишүүд тус улсын Дотоод хэргийн сайд Сажид Жавидад  хандан уриалжээ. Энэ тухай сөрөг хүчний Лейборист намаас парламентад сонгогдсон Стелла Кризи баасан гарагт “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.


“Их Британийн Дотоод хэргийн сайдын хувиар байр сууриа идэвхтэй илэрхийлж, хэрэв Швед улс хүсэлт гаргавал Жулиан Ассанжийг тус улсын талд шилжүүлэн өгөхөд баталгаа гаргахыг парламентын 70 гаруй гишүүн уриалж байна” гэж холбогдох хүсэлтийг санаачлагч болох Кризи бичжээ.


АНУ болон хэд хэдэн улсын Засгийн газрын үйл ажиллагааны талаарх нууц мэдээллүүдийг олон нийтэд дэлгэдэг “WikiLeaks” цахим хуудсыг Жулиан Ассанж 2006 онд үүсгэн байгуулжээ. Швед улсад түүнд хүчингийн хэргээр эрүү үүсгэсний улмаас тэрбээр 2012 онд Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ орогнох эрх хүссэн юм. Үүнээс хойш тэрбээр 7 жил тус улсын ЭСЯ-нд нуугдаж байсан билээ. Пүрэв гарагт Эквадорын ЭСЯ Ассанжийг цаашид орогнуулахаас татгалзсаны дараа түүнийг баривчилжээ. Ассанжийг шилжүүлэн өгөх тухай 2017 онд гаргасан АНУ-ын хүсэлтийн дагуу баривчилсан байна. Хэрэв АНУ-ын талд шилжүүлэн өгвөл түүнд 35 жил хорих эсвэл цаазаар авах ял оноож магадгүй гэж Ассанжийн өмгөөлөгч болгоомжилж байгаа аж. Харин АНУ-ын Хууль зүйн яамныхны мэдэгдэж байгаагаар бол хакердах үйл ажиллагаа явуулсныхаа төлөө тэрбээр ердөө таван жил хоригдох ял авч магадгүй.


Холбоотой мэдээ