Доктор Т.Етекбай "Монголын нууц товчоо"-ны сонгодог эхийг казах хэлнээ орчуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-15 12:36:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Соёл судлалын ухааны доктор, судлаач Т.Етекбай "Монголын нууц товчоо"-ны сонгодог эхийг казах хэлнээ орчуулж саяхан Улаанбаатар хотод хэвлүүлжээ.

Энэ нь уг номыг казах хэлэнд орчуулсан хоёр дахь ажил бөгөөд Монгол Улсын Ардын уран зохиолч С.Магауия академич Ц.Дамдинсүрэн гуайн хөрвүүлсэн анхны хувилбараар нь 1979 онд орчуулж байжээ. Тухайн орчуулга хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор Б.Базылхан, яруу найрагч Б.Имашхан нарын редакторласнаар 1998 онд Казахстаны Алматы хотод, яруу найрагч Р.Сураганы редакторласнаар 2006 онд Өлгий хотод тус тус дахин хэвлэгдсэн байна.

"Академич Ц.Дамдинсүрэн үндэсний утга зохиолын дурсгалт бичиг "Монголын нууц товчоо"-г эртний монгол хэлнээс орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн буулгаж 1947 онд хэвлүүлсэн байдаг. Мөн 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Монголын нууц товчоо”-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гарсантай холбогдуулан академич Ш.Бира, Д.Төмөртогоо, Д.Цэрэнсодном, профессор Т.Дашцэдэн, Ш.Чоймаа, Б.Сумъяабаатар зэрэг эрдэмтдийн оролцоотойгоор хятад галигаар бичигдсэн хувилбар, түүхэн баримтууд, бусад эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг судалж үзсэний үндсэнд "Монголын нууц товчоо"-ны орчин цагийн монгол хэл дээрх хөрвүүлгэд зарим нэг өөрчлөлтүүдийг оруулсан. Улмаар тус эхийг Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залсан байгаа. Тийм учраас энэхүү сонгодог эхийг казах хэлээр олон түмэнд хүргэх шаардлага гарсан тул сүүлийн нэг жилийг хугацаагаа номыг орчуулахад зарцууллаа. Казах хэл дээрх ном маань саяхан академич Д.Цэрэнсодном гуайн мялаалгын үгээр хэвлэгдэж гарсан" хэмээн орчуулагч хэлж байна.  

Харин орчуулгын редактораар нь доктор, профессор М.Хурметхан, "Монголын нууц товоо"-ны тухай турк хэлээр эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн М.Ууганбаяр нар ажиллажээ. Казах хэлээр хэвлэгдсэн номыг удахгүй аймгийн Нийтийн номын сан болон сургуулийн номын сангуудад хүргүүлэх ажээ.

Холбоотой мэдээ