Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Баян-Өлгий аймгийн баг тэргүүллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-15 12:46:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгаас төрөн гарсан ах, дүү аймгийн хурц арслангууд болох М.Борбан, М.Азкей, М.Нажкей нарын нэрэмжит бага нас, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо боллоо.

Хүүхдүүдэд үндэсний бөхийн спортоор барилдах дур сонирхол төрүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлж бөхийн шинэ залгамж халааг бэлтгэх зорилгоор аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан уг тэмцээнд Баян-Өлгий, Булган, Увс, Сүхбаатар аймгаас 80 орчим бөх оролцлоо.

Хүүхдүүд 12, 13, 14, 15 насны ангиллаар хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Б.Бегжан дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн баг тамирчид тэргүүлэв. Харин Б.Баттулга дасгалжуулагчтай Увс аймгийн баг, Д.Сундуй дасгалжуулагчтай Булган, Ц.Энхбат дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн баг тус тус удаах байруудад шалгарлаа.   

Дашрамд дурдахад, ах, дүү хурц арслангууд М.Борбан, М.Азкей, М.Нажкей нар нь аймагтаа үндэсний бөхийн нэгэн цаг үеийг эзэлсэн бөхчүүд байсан бөгөөд 1965-1980 онд аймгийн баяр наадамд нийтдээ найман түрүү авч байжээ.   

            

Холбоотой мэдээ