Д.Эрдэнэбат: Хаврын ээлжит чуулганаар эдийн засгийн өсөлтийг бэхжүүлэх асуудал ярих ёстой

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-04-15 12:42:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монголын Улсын нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах УИХ-ын Түр хороонд байгуулах асуудлыг хэлэлцжээ.


Зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2018 оны Үндсэн чиглэлд 136 ажил өрнүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 32.3 хувийн биелэлттэй байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Монгол Улсын эдийн засаг өссөн. Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, инфляцийн түвшин нэмэгдэж байна. Тиймээс УИХ-ын хаврын ээлжит чуулган эдийн засгийн өсөлтийг бэхжүүлэх, тэгш хүртээх асуудлыг ярих ёстой. ЖДҮХС-гийн асуудал, Капитал банк дампуурсан зэргээс эхлээд олон асуудлыг ярих нь чухал. 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-ын 73 дугаар тогтоолд Тавантолгойн ажлыг эрчимжүүлэх асуудлыг тусгасан. Гэвч IPO гаргах, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулах ажил эхлээгүй байна. Энэ мэт томоохон ажлуудыг эхлүүлэх шаардлагатай байгаа юм. С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах Түр хороо байгуулахыг АН-ын бүлэг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн гэх дуулианы ард энэ хэргийг замхруулах асуудал гарах магадлалтай. Нэн түрүүнд, энэ хэргийн захиалагчийг илрүүлэх шаардлагатай. Тиймээс Түр хороонд орох АН-ын гишүүдээр дамжуулан санал, дүгнэлтээ хүргүүлэх болно. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ярьж байгаа. Нэг нам хэт олонхыг бүрдүүлж байгаа энэ үед өөрчлөлт оруулах нь эрсдэлтэй. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөхдөө УИХ-д суудалтай болон суудалгүй бүх улс төрийн хүчин, Ерөнхийлөгчийн саналыг тусгаж хэлэлцүүлэх ёстой гэдгийг эрх баригчдад сануулж байна” хэмээв.

Холбоотой мэдээ