Нөөцийн махыг 5500-7200 төгрөгөөр борлуулж байна

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2019-04-15 14:11:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нөөцийн махыг зах зээлийн үнээс 14-31 хувийн хямд борлуулж эхэллээ. ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле “Тэнгэр” худалдааны төв дэх нөөцийн мах борлуулах цэгтэй өнөөдөр танилцав.


Нийслэлийн хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт дөрвөн тонн мах бэлтгэж, үхэр, хонь, ямааны ястай махыг 2,3 кг-аар ангилан савласан байна. Үхрийн ястай мах 7200, хонины ястай мах 6000, ямааны ястай мах 5500 төгрөгийн ханштай байна. 



ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, “Махны үнийн хөөрөгдлийг тогтворжуулах зорилгоор, нөөцийн махыг зах зээлийн үнээс хямдаар 30 цэгт борлуулахаар төлөвлөж байна. Энэ сардаа нөөцөлсөн махны 30 хувийг, ирэх сард 50 хувийг, сүүлд үлдсэн хувийг худалдаанд гаргахаар төлөвлөсөн. Махны хувьд, стандарт шаардлага хангасан, зориулалтын агуулахад хадгалсан. Иргэдэд хямд, чанартай мах нийлүүлэхийг зорьж ажиллаж байна” гэлээ.


Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн гэсэн тооцоо бий. Өнгөрсөн жил 12.8 тонн нөөцийн мах бэлтгэн худалдаанд гаргаж байжээ. Тэгвэл энэ жил яагаад дөрвөн тонн мах худалдаанд гаргаж буйг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохоос тодрууллаа.



Тэрбээр, “Арилжааны банкны эх үүсвэртэй холбоотой юм. Манай яаманд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр материалаа өгсөн ААН-үүдэд арилжааны банкууд тодорхой шаардлага тавьж, нээлттэй сонгон шалгаруулсан. Шаардлага хангасан ААН-ийн бүтээгдэхүүнд мэргэжлийн баг өнгөрсөн 12 дугаар сард шалгалт хийсэн. Эхний ээлжинд шаардлага хангаад буй гурван ААН махаа худалдаан гаргаж байна. Цаашдаа бусад арилжааны банк судлаж байгаа ААН-үүдийн нөөцийн мах нэмэгдэх төлөвтэй байгаа” гэв.


"Баатрууд Тэнгэр" ХХК-ийн ерөнхий менежер Э.Онон, “Манай компани нийт 1500 тонн мах нөөцөлсөн. Өнөөдрийн байдлаар, 30 гаруй дэлгүүртэй гэрээ хийсэн байна. Цаашид гэрээ хийх хүсэлтэй дэлгүүр, ААН-тэй хамтран ажиллахад нээлттэй байгаа” гэв.



Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх улирлын хамаарлыг бууруулах, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэхээр ХХААХҮЯ-наас махны үйлдвэр бүхий ААН-тэй хамтран  ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ