МАН-ын бүлэг Улсын Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжинэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-04-15 14:06:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичгийг хэлэлцэж, 80 хувийн саналаар дэмжсэн байна.


Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурорын орлогчоор Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн юм.


Мөн МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсож, дэмжсэн байна. Түүнчлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг дэмжсэн гэдгийг тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдээлэв.


Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.


-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөлд аж ахуйн нэгжээс авах нөхөн төлбөрийг 50-60 хувь бууруулах заалт орсон тухай мэдээлэл бий. Энэ талаар?


-Уул уурхай болон бусад аж ахуйн нэгж төлбөрөө төлнө. Хуулийн төсөлд тусгасан мал аж ахуй болон газар тариалангаас төлбөр авахыг гишүүд шүүмжилж байгаа. Ер нь бол хөдөө аж ахуйн салбар нийт усны хэрэглээний 50 хувийг эзэлдэг. Гэхдээ татвар нэмэхгүй байх зорилтоо биелүүлэхийн тулд энэ заалтыг хасах нь зөв гэж үзсэн.


-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ?


-Энэ хуульд олон өөрчлөлт орохоор төсөлд тусгасан байна. УИХ-ын дэгийн хороо байгуулах, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх юм. Тухайлбал, хуулийн төсөл хэлэлцэх үед зөвхөн тухайн асуудалтай холбоотой асуулт асууж, санал хэлнэ. Өмнө нь сонгуулийн дараа байгуулсан УИХ-ын анхдугаар чуулганы үед зарим гишүүн тангараг өргөөгүй өнгөрсөн тохиолдол бий. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх заалт мөн орсон.


-Нэг нам УИХ-д хэт олонхыг бүрдүүлж байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу хэмээн зарим улс төрчид үзэж байна. Энэ талаар?


-Үндсэн хуулийн өөрчлөлтийг нам биш УИХ хийнэ. Ингэхдээ бусад улс төрийн хүчин, иргэн, ТББ-уудын саналыг тусгана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын 57 болон түүнээс дээш гишүүний саналаар батална. Тэгэхээр нэг нам хэт олонх байх үед л энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх нь зөв.


-Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд шалгалт хийх ажлын багийн дүгнэлтийг хэзээ УИХ-аар хэлэлцэх вэ?


-Ажлын баг дүгнэлтээ өргөн бариагүй. Гэхдээ шалгалт дуусах дөхөж байгаа. УИХ-д дүгнэлтээ өргөн барьсны дараа хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ