Бүрэн сумын нутаг дэвсгэрийн 50 хувьд үлийн цагаан оготно тархжээ

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-04-17 11:30:01

Төв /МОНЦАМЭ/. Бүрэн сумын нийт нутаг дэвсгэрийн 50 хувьд үлийн цагаан оготно тархжээ. Үлийн цагаан оготно их хэмжээгээр тархах нь бэлчээрийг доройтолд оруулж улмаар ургамлын үндсийг дахин ургах боломжгүй болтол сүйтгэн, цөлжилтийг ихэсгэж байгалийн нөхөн сэргэх боломжийг алдагдуулдаг байна.

Энэ нь хөрс, ургамал, амьтны аймагт сөргөөр нөлөөлж, бэлчээр хадлангийн талбайг цөлжүүлэх аюул учруулдаг ба улмаар ХАА-н салбарт ноцтой хүндрэл учруулах эрсдэлтэй юм байна. Бэлчээрт хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэхэд шаардлагатай дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлага хөдөө орон нутагт тулгамдаад байгаа асуудлын нэг болжээ.

Өнгөрсөн жилээс Бүрэн сумын нутаг дэвсгэрт үлийн цагаан оготнын нүүдэл орж ирсэн байна. Одоо тус сумын тал хувийг эзлээд авсан оготнын нүүдэл малын бэлчээр хөрсний байдалд ноцтой хүндрэл учруулж байгаа ажээ.

Бүрэн сумын Засаг даргын санаачилгаар аймгийн төсвөөс 10 сая төгрөгийн зардлыг шийдэж, сум өөрийн нөхцөл боломжоор тодорхой зардлыг гаргаж үлийн цагаан оготно нүхэлсэн нийт нутгийн 10 хувьд устгал хийжээ.

Сумын арав гаруй иргэнийг цалинжуулан, 2 техниктэй ажиллажээ. Нийт 5000 га газарт 2 тонн хордуулсан будаа цацаж, оготно нүхэлсэн малын бэлчээрт цацжээ.

Үлийн цагаан оготно тодорхой тоо хэмжээтэй байх нь газрын хөрсийг сийрэгжүүлэхэд ашигтай хэдий ч их хэмжээгээр тархаж байгаа нь хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлөөд байгаа аж.

Үлий утагч, үлий цөмлөгч төхөөрөмжийг Завхан аймгийн Тэлмэн сумын зураг төсөл, технологийн багш О.Баттулга, түүний шавь нар бүтээжээТус бүтээл нь 2015 оны Инновацийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж, 2016 оны Залуу зохион бүтээгчдийн улсын уралдааны шилдэг 44 бүтээлийн нэгээр шалгарч байжээ.

Энэхүү төхөөрөмж нь аргал, хомоолын утаагаар утах зориулалттай, бензин шатахуун хэрэглэдэггүй, эдийн засгийн хэмнэлттэй ажээ. Үлийн цагаан оготныг олноор нь устгах давуу талтай гэнэ. Эдгээр тоног төхөөрөмжийг ашиглан цаашид орон нутгийн санхүүжилтээр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах боломжтой аж. Тухайн багаж эдийн засгийн зардал бага гардаг боловч цаг хугацаа их ордог сул талтай гэнэ.

Тиймээс үлийн цагаан оготно устгах ажлыг эрчимжүүлж, шувуу суух суурь хийх, утах болон байгальд хор нөлөөгүй дэвшилтэт аргуудыг ашиглан,  хөдөө орон нутагт бодлогын түвшинд арга хэмжээ авах шаардлага бий хэмээн Бүрэн сумын Засаг дарга Р.Очирбат мэдээлэл өглөө.


Холбоотой мэдээ