“Багш спорт-2019” наадамд Сайншанд сумын V сургуулийн багш нар тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-16 10:39:23

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотноо гурван өдрийн турш үргэлжилсэн “Багш спорт-2019” боловсрол, соёл урлагийн байгууллагын спортын наадмын шилдгүүд тодорлоо.

Боловсрол, соёлын байгууллагуудын дунд хоёр жилд нэг удаа болдог наадамд 69 байгууллагын 26 багийн 645 тамирчин долоон төрлөөр өрсөлдөхөд нийлбэр дүнгээр Б.Эрдэнэцэцэг захиралтай Сайншанд сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн баг тамирчид тэргүүн байрт шалгарч, өргөмжлөл, цом, нэг сая төгрөгөөр шагнуулав.

Сайншанд сумын отгон сургуулийн багш нар үндэсний сурын эрэгтэй төрөлд II, эмэгтэй төрөлд IV байр, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тэргүүн байр, эмэгтэй баг долдугаар байр, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тэргүүн байр, эмэгтэй баг долдугаар байрт шалгарсан амжилт үзүүлжээ.

Шатрын төрөлд эрэгтэй IV, эмэгтэй VIII байр, 100 буудалт даамын төрөлд эрэгтэй тав, эмэгтэй нэгдүгээр байр, ширээний теннисийн төрөлд эрэгтэй тав, эмэгтэй IV дүгээр байр, олс таталтын төрөлд мөн IV байрт тус тус шалгарсан аж.

Тавдугаар сургууль 2012 онд байгуулагдсан бөгөөд 81 багш ажилтан, 1226 сурагчтай үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн сургалтын нэг онцлог нь 2-12 ангийн сурагчдад япон хэл заадаг төдийгүй Японы Шизүока мужийн сургуультай хамтын ажиллагаа тогтоож сурагч солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжүүлжээ. Одоо тус сургуульд хоёр япон багш, япон хэлний нэг монгол багш ирээдүй болсон хүүхдүүдэд япон хэл зааж, арлын орны соёл, болвсролоос түгээж байна. 

Сургалтын чанарт тогтмол амжилт гаргаж 2019 оны олимпиадын медалийн тоогоор аймагтаа тэргүүлж байгаа, БНСУ-ын төслөөр номын сангаа тохижуулсан гээд амжилтын буухиаг жил бүр үргэлжлүүлж байгаа аж .   

Холбоотой мэдээ