74 кг мөнгөн ус борлуулахыг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-16 13:58:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ, ХЗДХЯ, МХЕГ-аас байгаль орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэв. Энэ үеэр “Байгалиа хамгаалъя” нэг сарын аян эхлүүлж байгааг мэдэгдэв. Аяны хүрээнд байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн оролцоог сайжруулахад нөлөөтэй ажил хийхээр төлөвлөжээ. 


ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба /ГХУСАЗЗАА/-ны ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал, “Нэгдсэн аян энэ сарын 15-нд эхэлж, нэг сарын хугацаатай үргэлжилнэ. Энэ хугацаанд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, түүний хор уршиг, хууль эрх зүйн мэдлэгийг иргэдэд таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо чухлыг сурталчилна” гэв. 


МХЕГ-ын Байгаль орчин, Геологи, уул уурхайн хяналтын албаны дарга М.Батбаяр, “Энэхүү аяны хүрээнд автозамын хянаж шалгах цэгийн ажиллагааг идэвхжүүлж, зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн хариуцлага тооцон ажиллана. Монгол Улсын Үндсэн хуулинд иргэн бүр байгаль орчноо хамгаалах журамт үүрэгтэй гэж заасан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ сарын 1-нээс хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” уриалга дэвшүүлсэн.  Энэ дагуу байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог сайжруулж, урамшуулж ажиллана” гэв. 


Мэргэжлийн хяналтын байгууллага Ойн хуулийн хүрээнд 2018 онд 268 зөрчил илрүүлсэн байна. Тэдгээрийн 233-ыг нь газар дээр нь арилгуулж, 230 куб метр модон материал хураан авч, 25 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж барагдуулсан байна. Мөн 27 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж 5 иргэнийг шүүхэд шилжүүлж, нэг тээврийн хэрэгсэл хураажээ.


Харин Амьтны тухай хуулийн хүрээнд 145 зөрчил илрүүлж, 117-г нь газар дээр нь арилгуулж, ангийн зориулалттай 75 буу, 117 хавх, 1 завь хураасан. Нийт 166 сая төгрөгийн нөхөн төлбөр, 23 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн 8 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэхээр санал хүргүүлсний 4-ийг нь шүүхээс яллажээ. 


Мөрдөн байцаах албаны Хүрэээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг, “Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн мэдээллийн сангаас харахад, байгаль орчны эсрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 1.4 хувийг эзэлж байна. Энэ бага үзүүлэлт ч энэ төрлийн гэмт хэргийн хохирол асар их. 2019 оны эхний улирлын байдлаар, байгаль орчны эсрэг нийт 140 хэрэг шалгаснаас 42-ыг нь хаах саналтай прокурорт, 1 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн 71-д нь эрүүгийн хэрэг үүсгэж, 76-г нь шүүхэд шилжүүлжээ. Дээрх зөрчлөөс нийт 509 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд 59.3 хувийг нь нөхөн төлүүлж, 263 сая төгрөгийн хууль бус эд хөрөнгийг битүүмжилсэн.  


Яргуй гарахаар, гөрөөс агнаж, цусыг нь уух гэсэн хууль бус ан ихэсдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай гэдгийг иргэдэд мэдээлэх хэрэгтэй байна. Өнгөрсөн жил гөрөөсний цус ууснаас болж нэг хүний амь хохирсон. 


Мөн хаврын улиралд хууль бус уул уурхайн олборлолт эхэлдэг. Энэ сарын хоёрдугаар долоо хоногт 74.8 кг мөнгөн ус борлуулахыг завдсан этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлсэн. Тухайн этгээдийн хэлснээр, 52 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх мөнгөн ус байсан гэж байна. Үүнд эрүүгийн хуулийн 24.2-т зааснаар химийн хорт бодисыг хууль бус эргэлтэд оруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэнэ. 


Хаврын улиралд хуурайшил ихтэй байгаа тул түймэр ихээр гарах боллоо. Энэ онд 17 удаагийн түймэр гарсны 12 түймрийн шалтгааныг илрүүлж эзэн холбогдогчийг тогтоосон. Одоогоор хохирол тогтоох, үнэлэх ажиллагаа үргэлжилж байна.  Иргэдийн хайхрамжгүй үйлдлээс болж хохирол ихтэй томоохон түймэр гардаг. Тухайлбал, Гоодойн аманд гарсан түймрийн улмаас 23 байшин, нэг амбаар, нэг гэр шатсан. Эл түймрийг гаргасан этгээдийг тогтоосон” гэлээ.

Холбоотой мэдээ