“Даян дээрхийн цом” үндэсний шагайн харвааны тойром наадам 3 дахь жилдээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-21 16:58:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх Мон 9183 төслөөс “Даян дээрхийн цом” үндэсний шагайн харвааны тойром наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулна. 

Мон 9183 төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг олон нийтэд сурталчлах, тайлагнах ажлын хүрээнд төслийн зохицуулагч Б.Гантөмөр, төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтнүүд төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулга мэдээллийг Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан-үүр, Чандмань-Өндөр сумын 270 гаруй иргэнд хүргэжээ.


Энэ үеэр Цагаан-Үүр сумын удирдлагуудтай төслийн хүрээнд тус суманд зохион байгуулах “Даян дээрхийн цом” үндэсний шагайн харвааны наадмыг ирэх 6 дугаар сарын 27-28-нд хийхээр төлөвлөж энэ хүрээнд зохион байгуулах ажлуудын жагсаалтыг гаргажээ.


Тус наадмыг 2017 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд Цагаан-Үүр сум болон Уялган голын иргэдийн аж, амьдралыг дээшлүүлэх, гадна дотны жуулчид сонирхдог эвент арга хэмжээ болгох зорилготой бөгөөд өнгөрсөн онд  Булган, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар хотын 12 багийн 90 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьсон ажээ.

Холбоотой мэдээ