Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ, НЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нийслэлд маргааш эхэлнэ.
НЗДТГ, нийслэл, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, байгууллага, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагын алба хаагчид “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулна.
“Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүнд танхимын команд штабын дадлага, сургууль хийнэ.
Харин энэ сарын 25-ны өглөө 07.00-09.30 цагт нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөсний дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм. Дадлага сургуулийн үеэр иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарч, газар хөдөлсөн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон бүртгэлээ хийлгэх юм. Энэ хугацаанд Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хаах ба 10:00 цагт ажил эхэлнэ.
Үүний дараа газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлгийг дууриалган үзүүлэх дадлага сургууль үргэлжлэх юм.
Энэ сарын 26-нд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилгоор бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.