Энэтхэгт парламентын сонгуулийн гурав дахь үе шат эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-23 14:33:21

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн парламентын сонгуулийн гурав дахь үе шат мягмар гарагт эхэлжээ. Тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, 116 хэсгийн санал хураах байрууд орон нутгийн цагаар өглөөний 07 цагт нээгдсэн байна.


Энэтхэгийн Ассам, Бихар, Гоа, Гужарат, Жамму Кашмир, Баруун Бенгал, Карнатака, Керала, Махараштра, Одиша, Трипура, Уттар-Прадеш, Чхаттисгарх мужуудын, мөн Дадра ба Хавели холбооны дэвсгэр нутаг болон Даман ба Диу холбооны дэвсгэр нутгийн оршин суугчид саналаа өгнө.


Энэтхэгт нийтдээ 900 сая орчим иргэн санал өгөхөөр бүртгэгджээ. Бүх нийтийн парламентын сонгууль тус улсад дөрөвдүгээр сарын 11-нд эхэлсэн юм. Сонгуулийн ирц одоогоор хангалттай өндөр, 66 орчим хувь байгаа аж.


Энэтхэгийн Сонгуулийн төв хорооноос урьд нь мэдээлснээр, энэ удаагийн сонгууль сонгогчдын тоогоор дэлхийн түүхэнд хамгийн томд тооцогдож магадгүй байна. Түүнчлэн дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн сонгууль гэж нэрлэж болно. Парламентын сонгууль Энэтхэгийн бүх 29 мужид, холбооны долоон дэвсгэр нутагт долоон үе шаттайгаар /дөрөвдүгээр сарын 11, 18, 23, 29, тавдугаар сарын 6, 12 болон 19/ болно. Саналын хуудсыг тавдугаар сарын 23 гэхэд тоолж дуусах ёстой аж.


Сонгуулийн гол өрсөлдөөн Энэтхэгийн эрх баригч "Бхаратия жаната" болон сөрөг хүчний “Энэтхэгийн үндэсний конгресс” нам гэсэн улс төрийн хоёр том хүчний хооронд болж байна. Энэтхэгийн эрх баригч нам 2014 оны амжилтаа давтаж, одоогийн Ерөнхий сайд Нарендра Моди албан тушаалдаа хэвээр үлдэх эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байна.


Холбоотой мэдээ