Монгол, Беларусь хоорондын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-23 17:56:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив.


Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав.



Хоёр улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулах чиглэлээр удаан хугацаанд ярьж, хэд хэдэн удаа төсөл солилцсон. Энэхүү гэрээнд талууд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, шинжлэх ухаан, техник, нийгэм, соёл, хүмүүнлэг, хөдөө аж ахуйн болон харилцан сонирхсон бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгасан бөгөөд гэрээг байгуулснаар хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс болно гэж Засгийн газар үзэж байгааг сайд хэллээ.


Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Беларусь Улс 2014 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн бөгөөд харин Минск хотноо Монголын Улсын Элчин сайдын яамыг нээх асуудал шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа нь хоёр улсын харилцаа сүүлийн жилд эрчимтэй хөгжиж буйн нэг илрэл гэдгийг салбарын сайд онцоллоо.


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөрт гуравдагч хөрш болон бусад улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгнө гэж заасан. Энэхүү зорилтын хүрээнд, Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улстай, түүний дотор тус бүс нутаг дахь манай түнш орны нэг Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон тус улстай харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгааг танилцуулгад дурдав.


Монгол Улс одоогоор ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Унгар Улс зэрэг нийт 14 улстай “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ" байгуулан улс төр, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж иржээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, О.Содбилэг нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд үг хэлж гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.


Ингээд санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.

Холбоотой мэдээ