Эх дагинын сүмд борооны аюул нүүрлээд байна

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-04-24 10:21:06

ПАРИС. /BBC/. Өнгөрсөн долоо хоногт гал түймэр дэгдсэн Парисын Эх дагинын сүмийг борооноос хамгаалахаар Францын архитекторууд ажиллаж байна.


Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, Парис хотод лхагва гарагт бороо орох төлөвтэй байгаа бөгөөд пүрэв гарагт мөн үргэлжлэн орж магадгүй ажээ. 800 жилийн түүхтэй сүмийн барилга хүчтэй аадар борооны улмаас дахин сүйдэж болзошгүй хэмээн архитекторууд санаа зовниж байна.


“Сүмийг ус нэвтрүүлдэггүй материалаар хучих нэн шаардлагатай байна. Дамнууруудыг хэдийнэ бэлдсэн бөгөөд материалыг авчирч байгаа” гэж Эх дагинын сүмийн ахлах архитектор Филипп Вильнёв “BFMTV” сувагт мэдээлжээ. Үүний зэрэгцээ түүхийн дурсгалт уран барилгын дээр аварга том “шүхэр” байрлуулахаар төлөвлөж байгаа хэдий ч хараахан бэлэн болоогүй байгаа юм.


Дөрөвдүгээр сарын 15-ны орой Эх дагинын сүмд дэгдсэн гал түймрийн улмаас сүмийн орой болон дээврийн гуравны хоёр хэсэг сүйдсэн юм. Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Парис хотын бэлгэ тэмдэг болсон байгууламжийг таван жилийн дотор улам үзэсгэлэнтэй болгоно хэмээн мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ