“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-04-24 12:11:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр буюу энэ сарын 23-нд болсон. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын товч мэдээллийг хүргэж байна.


Товч мэдээ:


- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагаж гарах хууль, тогтоомжийн төсөл, “”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх болов.


- “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай“ Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын Албан даалгавар гаргаж, сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын тариаланчдын үндэсний холбоонд хүргүүлэхээр болов. Тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашиж хамгаалах, бүс нутагт эрчимжсэн аж ахуй эрхлэхийг дэмжих юм.


- "Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг сайд Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нарт даалгав. Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.


- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг батлав. Улаанбаатар хотод  2017 онд осолд орж хохирсон иргэдийн 60 орчим хувь нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бол орон нутгийн замд осолдсон иргэдийн 80 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч болон жолооч байжээ. Нийт ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байна.


- “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлав. Хөтөлбөрийг 2019-2021, 2021-2023 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.


- БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэх, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай компанийг БНХАУ-ын холбогдох компанитай хамтран байгуулахаар болов.


- “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр" батлав. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, экспортын баримжаатай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэргүүлэх салбар, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилт дэвшүүлсэн байна.


- БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай хэлэлцээрийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг сайд Б.Энх-Амгаланд зөвшөөрөв. Энэ хөрөнгөөр Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барина.

Холбоотой мэдээ